
УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийнхэн энэ оны II улиралд хийх ажлын төлөвлөгөөнийхөө дагуу ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Цагдан хорих байрны үйл ажиллагаа, нөхцөл байдлыг судлаад, дүгнэлтээ танилцуулжээ. УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нартай өмнө хойноо орон очсон шалгалтын дүнгээс үзэхэд гишүүдийн ярьсан зүйлсийн зарим нь үндэслэлтэй, нэг хэсгийг нь хэт улстөржүүлсэн нь тогтоогдсон байна.
Дээрх хоёр гишүүний “Б.Булганы өрөө тод, бусад өрөө бүдэг гэрэлтэй” гэж мэдээлсэн нь үндэслэлгүй байжээ. Тус байрны хорих өрөөний гэрэлтүүлэг бүгд жигд түвшинд суурилагдсаныг прокурорын шалгалтаар тогтоосон аж. Мөн “Булганы өрөөний бие засах хэсэг нь үүдэндээ байдаг. Тийм байдлаар хүний эрхэмсэг байдлыг алдагдуулж, залхаан цээрлүүлж байгаа тал ажиглагдаж байна лээ” хэмээн хэвлэлд мэдээлсэн. Тус байрны сантехникийн холболтоос шалтгаалаад найман өрөөний суултуур нь үүдэндээ байдаг юм байна.
Өөрөөр хэлбэл, зөвхөн Б.Булганы өрөө ч биш, бусад өрөөний жорлон ч үүдэндээ аж. Прокурорууд шалгалтынхаа явцад тус байрны суултуурыг далдлах хаалт хийлгэжээ. Б.Булганд бичгийн цаас, үзэг, бал өгүүлэхгүй байсан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд харин гэрээс нь явуулсан номыг тэрбээр уншиж байсан гэнэ. Шалгалтын үеэр прокурорууд хорих байрныханд шаардлага тавьж бичгийн цаас болон бал өгүүлжээ.
Л.Болд, Ц.Оюунгэрал нар “Б.Булганы хорих өрөөний цонхны хөшгийг байнга хаалттай байлгадаг” гэж мэдээлсэн нь үнэн байсан тул Б.Булганы хүсэлтээр хөшгийг татуулж, цонхыг нь нээлгэсэн гэнэ. Эдгээр нь Хууль зүйн сайдын тушаалаар баталсан Хорих байрны дотоод журмыг зөрчсөн хэрэг тул түүнийг арилгуулах, давтан гаргахгүй байх, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ШШГЕГ-т шаардлага хүргүүлсэн байна. Өдгөө Б.Булганыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлсэн бөгөөд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх зорилгоор тус ангийн эмнэлэгт хэвтүүлсэн гэдгээ прокурорын байгууллагынхан мэдээллээ.
Дээрх хоёр гишүүнийг очиход Төв аймгийн Цагдан хорих байр руу оруулаагүй гэж тэд мэдэгдэн, хөлөө жийн сууж буй зургаа цахим сүлжээгээр тараасан. Харин прокурорууд “Тус хорих байрны үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагдсан, албан хаагчид нь тусгай журмын дагуу ажилладаг.
Тэгэхээр УИХ-ын гишүүн, албан тушаалтан хэн ч байсан энэ хууль журамд захирагдах ёстой. УИХ гишүүн хорих байранд хөлөө жийгээд сууж байгаа нь ч гэсэн хорих байрны дотоод журмыг зөрчиж байна гэсэн үг” хэмээсэн юм.