
АТГ-ын дарга Н.Ганболд эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөс хойш оронд нь хэн томилогдох бол гэсэн хүлээлт үүссэн. Тус газрын шинэ дарга хэн болох бол гэсэн таамагт сүүлийн жилүүдэд хууль сахиулах байгууллагыг удирдаж байсан хэдхэн хүний нэр л эргэлдсээр байсан билээ. ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, бригадын генерал А.Дулаанжаргал, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр гэх зэргээр янз бүрийн таамаг хөвөрсөн.
Таамгуудыг эвдэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд нэгэн хүний нэрийг УИХ-д өргөн мэдүүллээ. Тэр нь цагдаагийн хурандаа Хүрэлсүхийн Энхжаргал.
Х.Энхжаргал 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, удам дамжсан цагдаагийн алба хаагч. Өвөө, аав, хүү нь бүгд төрийн тусгай алба, тэр дундаа цагдаагийн ажилтнууд. Түүний аав Д.Хүрэлсүх нь Төв аймаг, Эрдэнэт хот, Сүхбаатарын районы НАХЯ-ны хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдан сэргийлэх байгууллагынхан дундаа ажилч хичээнгүй, идэвх зүтгэлтэйгээрээ нэрд гарсан нэгэн байсан гэдэг.
Хурандаа Х.Энхжаргал 1987 онд хуучнаар НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч, 1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын мeнeжeр мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1987-1992 онд Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст хүүхдийн төлөөлөгч, өмчийн төлөөлөгч, өмчийн ахлах төлөөлөгч, 1992-1996 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст эдийн засгийн ахлах төлөөлөгч, 1996-2008 онд Төв аймгийн Цагдаагийн газрын эрүү эрхэлсэн дэд дарга, 1999 оноос дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, мөн оноос 2012 он хүртэл Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. 2015 оноос ЦЕГ-ын Мэдээлэл, тeхнологийн төвийн даргаар ажиллаж буй.
Өмчийн төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр нийгмийн эгзэгтэй мөчүүдэд өмч, эдийн засгийн олон ноцтой хэргийг илрүүлж байсан туршлагатай ажилтан төдийгүй цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн маш сайн мэргэшсэн боловсон хүчинд тооцогддог юм билээ. Төв аймгийн цагдаагийн газар болон Замын цагдаад удирдлага дор нь ажиллаж байсан хүмүүс түүнийг “шулуун шударга, хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай сайн удирдагч” гэж үнэлдэг. Түүнийг Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үeд хотын замын хөдөлгөөн эрс эмх цэгцтэй болж, хот, хөдөөгийн замын хөдөлгөөний удирдлагын шинэчлэл, торгууль зөрчлийг бэлэн бусаар тооцох төсөл зэрэг бодлогын хүрээний олон асуудлыг шинэ түвшинд гаргаж чадсан нь одоо ч хэрэгжээд явж байгаа.
АТГ-ын даргын албан тушаалд түүний гэмт хэрэгтэй тэмцэх, хууль хэрэгжүүлэх чадвар, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх албыг удирдах дадал, эдийн засаг, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх туршлага, мэргэшил, удирдан зохион байгуулах, ажил хэрэгч чанарыг үндэслэн томилуулахаар хуулийн дагуу санал болгосон гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан хэлж байна.