
Олон улсын эх баригчдын өдөр өчигдөр тохиолоо. Манай улс эл өдрийг 2007 оноос тэмдэглэсэн бөгөөд энэ хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулан сургалт, зөвлөгөөн, өдөрлөг тогтмол зохион байгуулж иржээ. Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан ЭХЭМҮТ-ийн эх баригч эмч нар өчигдөр Чингисийн талбайд цуглан, жирэмсэн эхчүүд, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өглөө. Тус төвийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эмч нар “Жирэмсэн эмэгтэйчүүд толгой өвдөх, амьсгаадах, биеийн жин нэмэгдэхгүй байх, шээсний гарц багасах, арьсны салст цайх, үтрээнээс ус, цус, шингэн гарах зэрэг аюултай шинж илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Үүнийг тоохгүй явсаар байвал өвчин нь даамжирч, эх, хүүхэд эндэхэд хүрдэг. Тиймээс бид жирэмсний аюултай шинжийн талаар зөвлөгөө өгч байна” гэв.
Тэнгэр ёозгүй аашилсан бүүдгэр өдөр байсан ч ЭХЭМҮТ гэсэн бичигтэй, цэнхэр цамцаар ижилссэн эх баригч нар төв талбай руу жагсаалаар алхаж, замдаа эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч байсан юм. ЭХЭМҮТ эх барих, эмэгтэйчүүдийн таван тасаг, 62 “алтан” гартантай аж. Тэднээс 40 гаруй эмч өчигдрийн үйл ажиллагаанд оролцсон юм. ЭХЭМҮТ-ийн сувилахуйн арга зүйч, эх баригч эмч М.Мөнхөө “Манай хамт олон жил бүр эл өдрийг тэмдэглэж, тодорхой ажлууд санаачлан хийдэг. Өнөөдрийн өдөрлөг нэг талаас эхчүүдэд зориулсан мэт боловч нөгөөтэйгүүр хамт олныг бэхжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх ач холбогдолтой. Техник технологийн хөгжил, эмчилгээний олон арга барил нэвтэрч буйтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд манай эх баригчдын ур чадвар сайжирч байна” гэсэн юм.
Монгол Улс 2013 онд 79.780, 2014 онд 81.715 хүүхдээр бүл нэмсэн бол өнгөрсөн онд гурван сая дахь иргэнээ хүлээн авч, Мянганы хөгжлийн зорилтуудын нэг болох эхийн эндэгдэл бууруулсан цөөхөн орны нэг болсон түүхэн үйл явдлыг эмч нар онцолсон.