
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд ангиасаа холгүй осолдон, бортмеханикч нь амиа алдаж, ангийн захирагч, онгоцны дарга, хурандаа Н.Очирбат тэргүүтэй хүмүүс хөнгөн, хүнд гэмтсэн билээ. Нисдэг тэрэг нисгэгчдийн буруугаас болж осолдсон гэсэн дүгнэлт гарсан бөгөөд хууль хяналтын байгууллагынхан хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тэдний дунд дээрх Н.Очирбат хурандаа болон онгоцны ашиглалтын цагийг хууль бусаар сунгасан, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлал (АДХЦК)-ын зарим албан тушаалтан байгаа гэнэ. Хэдийгээр хэрэг шийдэгдээгүй ч ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар зарим хүнд хариуцлага тооцож, сэлгэн томилсон байна.
АДХЦ-ийн командлагчаар ажиллаж байсан, хурандаа Ш.Энхбатыг Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн захирагчаар томилжээ. Тэрбээр нисдэг тэрэгний осолтой холбоотойгоор сайн дураараа ажлаа өгөх хүсэлтээ гаргаад байсан юм. Харин тус ангийн захирагч Б.Мөнхбат эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдсөн байна.
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Очирбатыг үүрэг ажлаас нь чөлөөлж, хүний нөөцийн мэдэлд шилжүүлсэн аж. Түүний оронд АДХЦК-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатарыг томилсон гэнэ. Тэрбээр дээрх албан тушаалд ирэхээсээ өмнө Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд цэргийн баярын үдэш согтуугаар түргэн зарласан дуулианд холбогдсон нэгэн. Цэргийн анги, салбарт түргэн цугларалт, түгшүүр зарлах болбол ЗХЖШ-ын даргаас зөвшөөрөл авдаг байтал мань эр эрх мэдлээ хэтрүүлээд, албан тушаалаасаа өөрчлөгдөж байв. АДХЦК-ын Улсын нисэхийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, Гавьяат нисгэгч, хурандаа Б.Дашаахүүг албан тушаал буулгаж, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн багш-нисгэгчээр томилжээ. Онгоцны шатахууны наймаа хийдэг хэмээн хэвлэлээр нэг хэсэг цоллуулсан түүнийг өнгөрсөн өвөл осолдсон “МИ-8”-ын нислэгт тэнцэх чадварын гэрчилгээг Улаан-Үдийн танилаараа сунгуулсан хэмээх хэл ам бас тойроогүй.