
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрийн гэсэн ажилтай, орлоготой байхыг хамгаас их хүсдэг гэдэг. Хөдөлмөрлөх эрхээ хангалттай эдэлж чаддаггүй тэдгээр хүнд чиглэсэн төрийн бодлого ч чухал. Тиймээс. “Бид дэмжье, та чадна” төслийн хүрээнд нэг бүр нь таван сая төгрөгийн үнэ бүхий дээрх киоск, ТҮЦ-ийг хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэх болон гутал засвар ажиллуулах хүсэлтэй иргэдэд үнэгүй өгч байгаа аж. Нэгэнд нь гурван хүн ажиллах боломжтой гэж тооцжээ. Эхний ээлжинд Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр 10 киоск, ТҮЦ өгч байгаа бөгөөд хамгийн гол нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байр гэдгээрээ онцлог юм байна.
“Хөдөлмөрийн яам байгуулагдсанаасаа хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд байнга анхаарч, зарцуулах мөнгөний хэмжээг ч үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн. Нийт хүн амын 3.3 хувийг эзэлдэг эдгээр иргэнийхээ ажиллаж хөдөлмөрлөх эрхийг илүү сайн хангахын тулд өнгөрсөн гуравдугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, үйл ажиллагааг нь тодорхой болгосон. Энэхүү ажлын байр та бүхний ахуй амьдралд тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ үеэр хэллээ.