
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас “Панамын материалууд” гэх 215 мянган компани, бизнесмэн, улстөрчийн оффшор дансны мэдээллийг тавдугаар сарын 9-нд нийтэд дэлгэхээ мэдэгдсэн. Тэд олж авсан мэдээллээ Панамын цагаар тавдугаар сарын 9-ний 13.00 цагт, Английн цагаар 18.00 цагт, Монголын цагаар 10-ны шөнийн 03.00 цагт дэлгэх байв (Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас зөвхөн "монгол Тв" телевиз хамтрагч болон түрүүлж мэдээлэх эрхтэй болсон). Гэтэл Монголын зарим хэвлэл мэдээллийн байгууллага товлосон хугацаанаас 12 цагийн өмнө Монголын иргэн Борхүүгийн Дэлгэрсайхан, Янсанжавын Очирсүх нарын оффшор дансны мэдээллийг дэлгэлээ гэж мэдээллээ. Энэхүү мэдээлэл нь 2013 оны сүүлчээр олон нийтэд ил болсон билээ.
“Өнөөдөр” сонин энэ тухай 2014 оны хоёрдугаар сарын 28-ны дугаартаа дэлгэрэнгүй мэдээлж байсан юм. Тухайн үед Сангийн сайд асан Я.Очирсүхийг “Висдом интернэйшнл холдингс” компанийн хувь нийлүүлэгч, захирлын албан тушаал хашиж байсныг нь дурдсан байсан. Энэ талаар сайд асан Я.Очирсүх цахим сүлжээгээр “Төр, түмнээсээ хулгайлсан, идсэн уусан зүйл байхгүй. Төрийн албан тушаалаа өгснөөс хойш таван жилийн дараа ийм данс нээгдсэн байна. Бүр гэрийн минь хаягийг бичжээ. Тус компанийн талаар мэдэхгүй, мэддэг бол мөнгөө олж авах юмсан” гэдгээ илэрхийлж байв.
Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард нэр бүхий цахим хуудсууд мөн л “Панамын материалууд” дунд Монголын улстөрчдийн нэр байна гэж байсан ч чухам хэн байсныг гаргаагүй, өдий хүрсэн юм.
Яг одоогийн буюу 2016.05.09-ний 22.00 цагт ч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын албан ёсны цахим хуудаст оффшор данстай холбоотой шинэ мэдээлэл нийтлээгүй байна.
Б.Дэлгэрсайхан нь “Болдтөмөр Ерөө гол” компанийг удирддаг. Тэгвэл Я.Очирсүх нь өмнө Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд олон улсын зах зээлд “тоглодог” хувийн хөрөнгө оруулагч нэгэн юм. “Болдтөмөр Ерөө гол” компанийн захирал Б.Дэлгэрсайханаас тайлбар авах хүсэлт илгээв. Тэрбээр “Худал мэдээлэл учир тайлбар өгөх шаардлагагүй” гэж туслахаараа дамжуулсан юм. “Панамын материалууд”-ыг албан ёсоор дэлгэсний дараа манай сонин дараагийн дугаартаа дэлгэрэнгүй мэдээлэх болно.