
Монгол Улс мэргэжлийн, цомхон чадварлаг Зэвсэгт хүчинтэй байхаар хуульчилсан. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үе шаттай ажлууд хийж ирсэн билээ. Дархан-Уул аймагт анхны энхийг сахиулах батальон байгуулж байсан бол дараа нь Төв аймгийн Сэргэлэн сум дахь Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийг Энхийг сахиулах бригад болгож, захирагчаар нь хамгийн залуу бригадын генерал Л.Онцгойбаярыг томилж байв.
Түүнээс хойш зам, барилгын мэргэжлийн хэд хэдэн анги байгуулсан нь мэргэжлийн Зэвсэгт хүчинтэй байх зорилтын үргэлжлэл болсон. Тэгвэл саяхан Зэвсэгт хүчинд энхийг сахиулах шинэ бригад байгуулах шийдвэр гарчээ. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв, Зэвсэгт хүчний 311 дүгээр захирагчаар ажиллаж байсан, хурандаа Л.Гансэлэмийг захирагчаар нь томилсон гэнэ. Уг бригадын бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 150, 330 дугаар анги багтах бөгөөд энхийг сахиулах ажиллагаанд оролцох алба хаагчдыг бэлтгэх аж. Хурандаа Л.Гансэлэм өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн ажлыг хурандаа А.Баранзад хүлээн авсан байна.