
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хан ресурс” компанид Монгол Улс 70 сая ам.доллар төлөхөд бэлэн болсон тухай Засгийн газрын эх сурвалж хэлсэн талаар “Reuters” баасан гаригт мэдээлжээ. Тодруулбал, дээрх мөнгөн хөрөнгийг эскроу дансанд (гэрээний үүрэг гүйцэтгэгч болон гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцож, гэрээний нөхцөл биелэх хүртэлх хугацааны турш мөнгөн хөрөнгийг банкинд байршуулан, банктай гурвалсан гэрээ байгуулж нээсэн данс) өнгөрсөн даваа гаригт байршуулсан тухай эх сурвалж өгүүлээд, “Бид нэр хүндээ дээшлүүлэхийг хичээж байгаа” хэмээн ярьсан байна. Гэхдээ хараахан шилжүүлээгүй байгаа бололтой.
Эргэн сануулахад, өнгөрсөн жил Монгол Улс “Хан ресурс” компанид 100 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэрийг Парисын арбитрын шүүхээс гаргаж байв. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард Торонтод болсон уул уурхайн хурлын үеэр хоёр тал хэлэлцээ хийн, дээрх тоог 70 сая ам.доллар байхаар тохиролцон, гэрээ байгуулсан билээ. 2010 оноос хойш хэд хэдэн Засгийн газар дамжин, таван удаа хэлэлцээ хийж байсан дээрх маргааны улмаас манай улс өдөрт 7000 ам.долларын хүү төлж, жилийн хугацаанд төлбөрийн хэмжээ 106 сая ам.долларт хүрсэн тухай өмнө нь мэдээлж байсан юм.