
Байгал нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн, түүний цутгаланд барих Монголын усан цахилгаан станцын барилгын ажлыг Дэлхийн банкнаас санхүүжүүлэхийг ОХУ түр зогсоож чадсан тухай тус улсын Байгаль орчны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Нуритдин Инамов мэдээллээ. Монголын Сэлэнгэ мөрөнд барих “Шүрэн” усан цахилгаан станц болон Сэлэнгийн хамгийн том цутгалан Орхон голын усан цахилгаан станцын барилгын ажлыг түр зогсоосон тухай тэрбээр хэлсэн байна. Энэ хоёр станцаас гадна гурав дахь төсөл болох Эгийн голын усан цахилгаан станцын төсөл 2013 онд гарсан билээ. “Бид энэ асуудлаар Монголын талтай болон эдгээр ажлын санхүүжилтын гол эх сурвалжуудын нэг Дэлхийн банктай, тэрчлэн судалгаа, шинжилгээ хийхэд тусламж дэмжлэг үзүүлсэн Олон улсын байгаль хамгаалах холбоо болон ЮНЕСКО-гийн төлөөлөгчидтэй хамтран ажиллаж байна” гэж Инамов олон нийтийн зөвлөлд хэлжээ.
Түүний тэмдэглэснээр, ОХУ-ын Байгаль орчны яам төслүүдийн цаашдын хувь заяаг тодорхойлохын тулд хэдэн долоо хоногийн өмнө Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзсан аж. Төслөөс татгалзах шаардлагатайг Монголын талд ойлгуулахын тулд энэ сарын 20-ны үед Улаанбаатарт Монголын түншүүдтэй уулзахаар ОХУ-ын Байгаль орчны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрынхан төлөвлөжээ. “Дэлхийн банкны ажилтнууд биднийг сонсож, энэ ажлыг түр зогсоож байгаа тухай захидлыг бид Вашингтоноос хүлээн авсан. Одоо бид Дэлхийн банкны төлөөлөгчдийг Буриад улс, Эрхүү мужид айлчлуулж, иргэдийн үнэлэлт дүгнэлтийг сонсгоно” гэж тэрбээр нэмж хэллээ.
Байгал нуурын усны түвшин эрс багассантай холбогдуулан 2015 оны эхээр ОХУ-ын Засгийн газар Эрхүү муж болон Буриадад онц байдлын дэглэм тогтоосон. Усан цахилгаан станцын барилгын ажлын төсөл экологийн бодитой эрсдэлүүд учруулахыг ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской урьд нь нэг бус удаа мэдэгдэж байжээ. 2015 оны гуравдугаар сард Улаанбаатарт Монголын талтай Оросын шинжээчид уулзаж, хүрээлэн буй орчинд учрах сөрөг нөлөөг хэлэлцэхэд Оросын мэргэжилтнүүдийг оролцуулахаар тохиролцоонд хүрсэн байна.