
Сэлэнгэ, Орхон аймаг дахь Гаалийн газрын даргыг өнгөрсөн долоо хоногт шинээр томилжээ. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын албан тушаалд тус газрын байцаагч Б.Хишигбатыг дэвшүүлэн тавьжээ. Тэрбээр гаалийн байгууллагад олон жил ажиллаж буй. Улаанбаатар хот дахь Гаалийн газарт байцаагчаар ажиллаж байгаад 2012 онд дарга болж дэвшсэн байдаг. Үүний дараагаар Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга болж байв.
Гэвч албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан гэх хэрэгт холбогдсон учир түүнийг уг албан тушаалаас нь огцруулсан гэх мэдээлэл бий. Харин тэрбээр уг мэдээллийг хүлээн зөвшөөрдөггүй. Ийнхүү зөрчил гаргасан учир өнгөрсөн намар түүнийг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт улс хоорондын шуудан илгээмж хариуцсан байцаагчаар томилсон аж. Дарга болж дэвшээд буй Б.Хишигбат өнгөрсөн баасан гаригт ажлаа хүлээн авчээ.
Мөн Орхон аймаг дахь Гаалийн газрын даргаар н.Батхишигийг томилжээ. Тэрбээр гааль, татварын байгууллагыг нэгтгэхийн өмнө Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.