
Байр авах хүсэлтэй хэрнээ мөнгөгүй хүн олширсон тул манай улсад анх удаа түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд буй. Төрөөс түрээслүүлж буй орон сууцанд амьдрах эрх авсан иргэдийн төлөөлөлд өчигдөр түлхүүрийг нь гардууллаа. Улаанбаатар хотод орон сууц түрээслэх хүсэлтэй 2374 хүн Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-д бүртгүүлснээс цахим сугалаагаар 350-ийг нь шалгаруулсан. Уг нь 2407 иргэн бүртгүүлсэн ч зарим нь шаардлагад нийцээгүй аж. Уг хөтөлбөрийг дөнгөж эхлүүлж байгаа учир хамрагдах хүрээг хумих үүднээс цөөнгүй шалгуур тавьж, иргэдийг долоон бүлэгт хуваан, тус бүрт нь квот олгосон. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, залуу гэр бүл, төрийн албан хаагчид квотын багагүй хувийг эзэлж байсан юм.
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрхийн ангилалд багтан, өргөдөл өгөөд, сугалаагаар шалгарсан айлуудын нэг нь Т.Энхсаруулынх. Тэрбээр “2012 онд манай байшин шатсан. Түрээсийн орон сууцанд орохоор өргөдөл өгч, олон хүний дундаас шалгарлаа. Манайх дөрвөн хүүхэдтэй. Гэр бүлийнхэн маань бүгдээрээ их баярлаж байгаа. Би Зүтгүүрийн дефод засварчин хийдэг. Гэргий Т.Солонго маань гэртээ хүүхдүүдээ хардаг. Бэлэн мөнгөө төлөөд, эсвэл зээлээр байр авч чадахгүй бидэн шиг хүмүүст орон сууцанд амьдрах боломж олголоо. Манайх хоёр өрөө байр түрээсэлж буй. Сарын төлбөр нь 275.000 төгрөг гэсэн” гэсэн юм.
Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн онд “Түрээсийн орон сууц” хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд БХБЯ болон ТОСК-аас холбогдох журмуудыг боловсруулж батлаад буй. Төрөөс иргэдэд орон сууц түрээслэх эрхзүйн орчин ийн бүрдээд байгаа тул уг хөтөлбөрийг (эрэлт ч бий учир) цаашид үргэлжлүүлэхээ холбогдох байгууллагууд мэдээлэв. Тийм боломж ч бий гэнэ. Энэ талаар ТОСК-ын тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг “Буянт-Ухаа 2” хорооллын ажил бүрэн дуусаагүй, эхний 30 байрыг ашиглалтад оруулсан. Ирэх долдугаар сард үлдсэн 18 барилга буюу 972 айлын орон сууцыг хүлээлгэн өгнө. Мөн Зуун айл орчим гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан 720 айлын орон сууцыг манайх ирэх долдугаар сард хүлээн авч, бүгдийг нь түрээслүүлэх юм. 2021 он гэхэд нийслэл 16.000, орон нутаг 4000 түрээсийн орон сууцтай болно” гэв.
Түрээслэгч иргэд байраа өмчилдөг болох асуудлыг хэзээ, хэрхэн шийдэхийг иргэд нэлээд хүлээж буй. Тэгвэл холбогдох байгууллагууд уг асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэнэ. Тодорхой хугацаанд түрээслээд гарч, дараагийн иргэнийг оруулах, түрээслэх хугацаандаа байрныхаа урьдчилгаа төлбөрийг өгвөл ипотекийн зээлд шилжүүлэх, урьдчилгаа төлбөр өгөхгүйгээр урт хугацаанд буюу 20-25 жилд орон сууцаа эзэмших гэсэн гурван хувилбарыг иргэдэд санал болгохоор бэлтгэж буй аж. Үүнээс гадна цаашид энэ удаагийнх шиг зөвхөн зорилтот бүлгийн иргэдийг хамруулна гэж ялгахгүй, бүх хүнд түрээслэх боломж олгох гэнэ. Түрээсээс төвлөрч буй хөрөнгийг Ирээдүйн орон сууцны санд оруулж, дараагийн ээлжийн орон сууц барих, хувийн аж ахуйн нэгжийн барьсан байрыг худалдан авч түрээслэхэд зарцуулах юм байна.