
“БГД-ийн гуравдугаар хороололд том оврын автобус шатаах гэж байна” гэсэн мэдээллийн дагуу очиход 30 эргэм насны, дундаж нуруутай залуу “Welcome to shashlik house” гэсэн хаягтай хар өнгийн автобусны дээвэр дээр гартаа уриа лоозон бүхий самбар барьчихсан зогсож байлаа. Харин автобусны эргэн тойронд арваас илүүгүй хүн байх аж. Хэргийн учрыг олохоор дээвэр дээр зогсох залууг бууж ирээд учир явдлаа тайлбарлаач гэхэд “Үгүй, буухгүй. Намайг буувал цагдаа нар бариад явчихна. Чи сандал дээр гишгээд надруу дөх, би тонгойж байгаад яриад өгье” гэснээр түүнээс дараах тодруулгыг авлаа. Энэ залууг Ц.Золбоо гэдэг юм билээ.
-Яагаад автобусны дээвэр дээр гарч зогсох болов?
-Би таван жилийн өмнөөс эхлэн шорлог хийж эхэлсэн. Ингэхдээ уламжлалт хэв маягийг эвдэж том оврын автобусны дотор талыг тохижуулан, хотын хаана ч очоод үйлчилгээ явуулах боломжтой шорлогны кафег Монголд анх удаа нэвтрүүлсэн юм. Гэвч хийж эхэлсэн цагааас энэ төрлийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагууд нь хүлээн зөвшөөрөөгүй байсаар өдийг хүрлээ. Би олон жил зөвшөөрөл авахаар явж байгаа боловч ямар ч үр дүнд хүрээгүй. Зөвшөөрөлгүй учраас байнга хөөгдөж, туугдаж явсаар одоо шантарч байна. Тийм учраас өчигдрөөс эхлэн шорлог хийдэг автобусан дээрээ суулт хийж байна. Хэрэв миний шаардлагыг хүлээж авахгүй бол энэ автобусаа шатаана.
-Автобусаа шатаавал та өөрөө л хохирох бишүү. Энэ таны хувийн автобус уу?
-Тийм. Би 45 хүний суудалтай том оврын хоёр автобусанд шорлог хийдэг байлаа. Зөвшөөрөл өгөхгүй болохоор нь нэг автобусаа зараад Сөүлийн гудманд байр түрээсэлж үйлчилгээгээ явуулж эхэлсэн. Гэвч залуус автобусанд шорлог идэх дуртай байдаг юм байна. Шинэ, содон үйлчилгээг залуус хүсч буй нь тэр. Тиймээс Ачлал их дэлгүүрийн замын эсрэг талд автобусаа байрлуулж үйлчилгээгээ давхар явуулдаг. Энэ автобусаа шатаачихвал мэдээж би өөрөө л хохирно. Гэхдээ Монголын төр залуу иргэдээ дэмжихгүй байгааг бүх хүмүүсийн сонорт хүргэж чадах байх хэмээн бодож байгаа. Хэрэв ямар ч үр дүнд хүрэхгүй бол гэр бүлийн хамт Монгол Улсын иргэний харьяаллаа цуцална. Хийж бүтээх чин эрмэлзлэлтэй залуусаа дэмждэггүй улсад баймааргүй байна. Мэдээж би эх орондоо хайртай. Гэхдээ ийм шийдвэр гаргах болсонд Монголын төр буруутай.
-Яагаад зөвшөөрөл өгдөггүй юм бол?
-Мэдэхгүй. Манайхаас өөр улсад ийм төрлийн үйлчилгээ явуулахад ямар ч асуудалгүй байдаг юм билээ. Жишээ нь: АНУ-ын Цагаан ордны гадна талд ч автобусанд үйлчилгээ явуулдаг гэсэн. Харин Монголд л болохгүй. Яагаад гэдэгт тодорхой хариулт өгдөггүй. Хотын өнгө үзэмжинд муухайгаар нөлөөлнө гэж лав байхгүй.
-Та ямар мэргэжилтэй вэ. Зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулах гэж байхаар өөр зүйл хийж үзье гэж бодож байв уу?
-Би бүрэн дунд боловсролтой. Шорлогийг бие дааж хийж сурсан юм. Харин сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх шинэ санаа гаргаад чадахаараа хичээж байхад дэмжээд өгөхөд яагаад болохгүй гэж. Монголд энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа газрууд нь гадныхан л байдаг шүү дээ.