
Монголын 33 настай иргэн АНУ, Канадын хил дээр энэ сарын 17-нд саатуулагдсан талаар krtv.com цахим хуудас мэдээлэв. Тодруулбал, Канадаас АНУ руу хууль бусаар, ойн хэсгээр явган нэвтрэх гэж байхад нь түүнийг саатуулсан аж. Одоогоор түүний нэрийг холбогдох байгууллагаас мэдээлээгүйг дээрх цахим хуудсанд мөн тэмдэглэжээ.
Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Б.Болдоос тодруулахад “Канадаас АНУ руу хууль бусаар нэвтрэх гэж байсан Монголын иргэний мэдээлэл бидэнд ирсэн. Канадад цагаачлал хүссэн ч зөвшөөрөөгүй, тэнд байх аргагүй болоод АНУ руу оръё гэж бодсон юм билээ. Сан-Франциско дахь манай улсын Ерөнхий консулын газраас уг хэргийг шалгаж буй цагаачлалын байгууллагатай нь холбогдсон” хэмээв. Хил зөрчсөн иргэнийг Монгол руу албадан буцааж магадгүй аж. Тэрбээр ар гэрийнхэндээ энэ тухай мэдэгдэхийг хүсээгүй байна.