
Арьсан цүнх, гутал, монгол дээл, хантааз, сувдан ээмэг, зүүлт, толгойн гоёл гээд монгол хүний ухааны цараар бүтсэн үндэсний бүтээгдэхүүн Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд өчигдөр “нүүж ирэв”. Бичил бизнес эрхэлж байгаа ч барьцаа хөрөнгөгүй, банкнаас зээл авах боломжгүй иргэдийг дэмжих зорилгоор “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”- ийг 2014 онд баталсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд энэ сарын байдлаар 146 хорооны иргэдэд 13.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа аж. “Нийслэлийн Хөдөлмөрийн газраас хэрэгжүүлж буй энэ төсөлд хамрагдан жилийн 1.2 хувийн хүүтэй, арванхоёр сарын хугацаатай 5.000.000 төгрөгийн зээл авч байгаа. Хүү багатай учраас бидэнд маш их үр өгөөжтэй. Тиймээс энэ хөтөлбөрийг урт хугацаагаар үргэлжлээсэй гэж хүсэж байна” гэж “Сансар мөнх” хадгаламж зээлийн хоршооны гишүүн, оёдлын цех ажилуулдаг Б.Тавансахъяа ярив.
Уг хөтөлбөрийн талаар МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, “Бичил бизнес” хадгаламж зээлийн хоршооны Удирдах зөвлөлийн дарга С.Ононбаяраас тодруулав.
-Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хэчнээн ажлын байр бий болж байгаа вэ?
-Нийслэлийн ИТХ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 15.2 тэрбум төгрөг баталсан. Бичил бизнес эрхэлдэг болон эрхлэх хүсэлтэй иргэд нийлж, хадгаламж зээлийн хоршоо байгуулан, нийслэлээс төсөв авч байгаа юм. Нэг хороонд ойролцоогоор 100 орчим сая төгрөг төсөвлөсөн. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 5000 орчим төсөлд зээл олгожээ. 1.2 хувийн хүүтэй уг зээлийн эргэн төлөлт 96 хувьтай байна. Бизнес эрхлэгчдээ дэмжвэл хийж бүтээж чаддагийг энэ нээлттэй өдөрлөгөөс харж байна. Хөтөлбөрийн хүрээнд 7000 гаруй ажлын байр бий болсон. Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч цаашид жижиг, дунд бизнес эрхлэгчдэд анхаарал хандуулж ажиллана. Хүн ам олонтой Баянзүрх дүүргийн 28 хорооны иргэдэд гэхэд 2.8 тэрбум төгрөгийн зээл олгосон.
-Иргэд нийлж, хадгаламж зээлийн хоршоо байгуулсны давуу тал юу вэ?
-Банкнаас зээл авахад олон бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд хүндрэл ихтэй. Иргэд хадгаламж зээлийн хоршоо байгуулснаар телевизор, машин, газар, хашаа зэрэг хөрөнгөө барьцаалан, шуурхай зээл авах боломж бүрдэж буй юм. Бизнес эрхлэгчид богино хугацаанд зээлээ төлж байгаа.