
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зургадугаар сарын 7-ноос хэрэгжиж эхэлнэ. Тэр өдрөөс эхлээд Монголын тал 97 бүлгийн 5700 орчим, Японы тал 97 бүлгийн 9300 орчим нэр төрлийн барааны гаалийн тарифыг тэглэх буюу бууруулах юм. Ингэхдээ ялгаатай. “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр”-ийн I хавсралтад тусгасан “А” гэсэн тэмдэглэгээтэй бараа, бүтээгдэхүүний гаалийн татварыг зургадугаар сарын 7-ноос шууд тэглэнэ. “В” тэмдэглэгээтэй барааны гаалийн тарифыг үе шаттайгаар жигд багасгасаар тэглэх юм. Тухайлбал, “B3” тэмдэглэгээтэй барааны татварыг гурав, “В10”-ынхыг 10 жилийн турш бууруулсаар тэг болгоно гэсэн үг. “Х” тэмдэглэгээтэй барааны гаалийн тарифыг өөрчлөхгүй, одоо мөрдөж байгаа нэн тааламжтай тарифыг хэрэглэх юм.
Гэтэл үүнийг иргэд Японоос оруулж ирэх бүх бараанаас татвар авахгүй болно гэж буруу ойлгож байгаа аж. Үнэндээ бол зарим барааны зөвхөн гаалийн тарифын татварыг тэглэх буюу багасгана. Одоо авч буй татвараа хэвээр нь ногдуулах бараа ч бий. Тэгэхээр Япон бараа мөн гэдгийг нотлох гарал үүслийн гэрчилгээтэй бараанаас л гаалийн тарифын татвар авахгүй гэж ойлгож болох нь. Барааны гарал үүслийг яаж тодорхойлохоо хоёр улс маш нарийн тохирчээ. Монголчуудын хамгийн их сонирхож буй зүйл бол машины татвар. Цоо шинэ, эсвэл үйлдвэрлээд гурван жил болсон, 4501 шоо см-ээс доош цилиндртэй, япон машинаас гаалийн татвар авахгүй. 4-9 жил унасан машины татварыг жил бүр багасгасаар тодорхой хугацааны дараа тэглэнэ. 10-аас дээш жил ашигласан машинаас одоо авч буй татвараа авна. Харин Японоос бусад орноос оруулж ирж буй япон машинд энэ хөнгөлөлт хамаарахгүйг сануулъя.
Нэн тааламжтай тарифыг Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 87 дугаар тогтоолын дагуу Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд болон Беларусь улсаас оруулж ирсэн бараанд татвар ногдуулахдаа мөрддөг. Бусад улсаас оруулж ирсэн бараанаас гаалийн ердийн тарифаар татвар авдаг. Ердийн тариф нь нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байдаг юм.