
Өнөөдөр MN мэдээллийн төвд Дархан-Уул аймгийн Хүний эрхийг хамгаалах төвийн тэргүүн М.Болорцэцэг шүүхийн тогтолцоо болон шүүгч нарын ёс зүйгүй байдлыг эсэргүүцэж, мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр тэмцлийн анхны хурц хэлбэрт шилжиж буйгаа мэдэгдэж, ҮСЭЭ хусууллаа.
Тэрээр “Би Дархан-Уул аймгийн Шүүх болон Шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд үргэлж шүүмжлэлтэй, гомдолтой байдаг. Бид шударга шүүх, хариуцлагатай, ёс зүйтэй, ухаанаа уралдуулж, албан үүргээ гүйцэтгэдэг шүүгчийг хүсдэг. Өндөр цалинг өндөр хариуцлага дагах ёстой. Гэвч харамсалтай нь хариуцлагын тогтолцоо огт байдаггүй нь шүүгчдийг хариуцлага хүлээж, үүргээ ухамсарлах чадваргүй болгожээ.
Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа шүүгч нь шударга ёсны манаач байх ёстой байтал эсрэгээрээ хуйвалдааны эзэд, эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн гар хөл болж байгаа нь эзэнгүй төрийн эмгэнэл болоод байна. Учир нь шүүгчид асуудлыг нягтлан шалгаж, дүгнэж цэгнэлгүй, урсгалаар болон рефлексээрээ шийдэж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Иргэн миний бие Шүүхийн шатанд 2014 оны 9 сарын 29-нд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг маань хангаж ажиллахдаа нотлох баримтыг авч үзэлгүй, сөрөг талын хүний үгээр асуудлыг шийдсэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой биечлэн уудзах хүсэлтийг хэвлэлийн бага хурлаар дамжуулан хүргэж байна. Ерөнхийлөгчийн томилсон шүүгчид ард иргэдийн эрх чөлөөнд халдаж байгаад хариуцлага тооцуулахыг хүсэж байна” гэсэн юм.