
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд хандаж, оффшор данс эзэмшдэг Монгол хүмүүсийн тухай баримтуудыг бүрэн эхээр нь авах хүсэлт тавихад хүлээж авсан бөгөөд өчигдөр АНУ-руу 00.55 минутад нисэхээр төлөвлөж байхад нь хилээр гарахыг хориглосон тухай тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн.
Тэгвэл Л.Мөнхбаясгалан энэ талаараа хэвлэлийн хурал хийж байна.
Тэрбээр " Би Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос дэлгэсэн Панамын материалд дурдагдсан 49 хүний баримтыг бүрэн эхээр нь авч ирж “Цензургүй сурвалжлага”-ынхаа хоёрдугаар ангийг бэлтгэх гэж байсан юм. Баримтуудыг энэ сарын 26-нд буюу өнөөдөр АНУ-ын Вашингтон хотод очиж тус холбооноос авах ёстой байлаа. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав ажил тарсаны дараа 20.00 цагийн үед гэнэт дуудав. Ажил тарсаны дараа утсаар ярьсан учир дараа очьё гэтэл албадан авчирна гэсэн. Тиймээс онгоц нисэхээс өмнө уулзчихаад явахаар очсон боловч надад Эрүүгийн хуулийн 148.4-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгээ танилцуулсан. Энэ нь залилангийн гэмт хэрэг дотроо хүндрүүлсэн заалт буюу 10-15 жилийн хорих ялтай юм байна. Тодруулбал, 2014 онд "Миат" ХХК-тэй хийсэн 40 сая төгрөгийн зар сурталчилгааны гэрээ байсан. Түүнийг гаргаж ирээд бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг гэж хэлсэн. Хэрэв миний хийсэн гэрээг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол тэр үед надаас өөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэрээ хийсэн. Яагаад заавал миний гэрээг гаргаж ирээд байгаа нь сонин байна. Mongolmessenger.mn сайтаар намайг 100 сая төгрөгөөр АНУ-руу гэр бүлийн хамт нисэх гэж байсан мэтээр гүтгэж бичсэн байна лээ. Энэ мэт дарамтыг сэтгүүлч болсноосоо хойш 17 жил тэвчиж ирлээ. Миний гэр бүлийг дарамталж, гар утасны дуудлагыг маань ч байнга чагнадаг. Эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллахад энэ хэмжээний дарамтыг тэсэх ёстой хэмээн үздэг байлаа. Одоо үүнээс хойш тэсэхгүй. Намайг гүтгэсэн бүх хүмүүс болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгөх болно гэдгээ хэлье.Өнөөдөр миний үгээ хэлэх сүүлчийн боломж байж ч болзошгүй" гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.