
Сүмо барилдааны тавдугаар сарын нацү башё дахин Мөнхбатын Даваажаргалын бахдам ялалтаар өндөрлөлөө. Бахдам гэснээ өч төчнөөн баримтаар, дээд амжилтаар тодотгож болмоор байгаа ч товчхон өгүүлье.
2006 оны тавдугаар сард буюу яг арван жилийн өмнө дээд зиндаанд анх түрүүлснээс хойш 37 дахь удаагаа Японы эзэн хааны цом тэвэрлээ, монгол залуу.
Дээд зиндаанд 37 түрүүлсэн хосгүй амжилтыг дагалдах дээд амжилтууд нь гэвэл саяынх шиг ялагдаагүй 12 түрүү. Макүүчи буюу дээд зиндаанд давсан 893, нэг жилийн 90 барилдаанд 86 давсан хос үзүүлэлт.
Долоон башё дараалан түрүүлсэн,
Аварга цолтойгоор 699 ялсан,
Дээд зиндаанд 50-иас дээш хувийн амжилтаа 51 башёд үзүүлсэн,
Башёг 8:0-ээр 41 удаа эхлүүлсэн
Башёг 10:0-ээр 10 удаа эхлүүлсэн
Аварга цолтойгоор 52 башёд барилдаж, зүүн жигүүрийг 42 удаагаа тэргүүлээд байгаа зэрэг бүгд нэгд бичигдэх буюу дээд амжилт юм.
Эр зоригийн, хүчний, оюуны тамирын гэхчилэн нэрлэдэг сүмогийн их аварга өдий дайны амжилтад хүрэхдээ хатуу, хэцүү юу эсийг үзсэн нь мэдээж. Сонирхуулахад, Хакүхогийн эцэг дархан аварга Ж.Мөнхбат улсын наадамд гурав түрүүлж байж аварга болсон шиг Хакүхо сүмогоор бас гурав түрүүлж байж аварга болж билээ.
Японы эзэн хаан түрүүлсэн бөхөд нэг ч удаа захиа бичиж байгаагүй атлаа анх Мөнхбатын Даваажаргалд бичсэн түүхтэй. Эзэн хааны захиаг сүмогийн, ер нь спортын нэрт сэтгүүлч М.Сугар-Эрдэнийн “Сүмод шингэсэн Монгол хөлс” номоос авч дор сийрүүлье.
“Элдэв явдал тохиолдон хүнд хэцүү башё болсон ч зүтгэж тэмцсээр ганц ч уналгүй түрүүлсэнд баяр хүргэе. Тайхо их аваргын рекордыг эвдэн, дараалан ялсан тоогоороо сүмогийн түүхэнд гуравт бичигдэх амжилт үзүүлсэнд талархал дэвшүүлж байна. Цаашдаа ялж байхыг хүсэн ерөөе” хэмээсэн захиа 2011 оноос түүх болжээ.
Модон морин жилийн амжилтаараа “Өнөөдөр” сонины санал асуулгаар илт тасархай түрүүлснийг энд бас онцлон тэмдэглэмээр байна. Илт тасархай гэдгийг яг арын хүнээсээ хол илүү оноогоор, 3-10 дугаар байр эзлэгчдийн нийлбэр онооноос давуу байснаар илэрхийлнэ.
“Өнөөдөр” сонины оны тэргүүн алдартан минь олон олон дээд амжилтын эзэн болж, эцэг, эх, эх орныхоо нэр төрийг өндрөөс өндөрт өргөж яваа нь Монгол түмний бахархал мөнөөсөө мөн дөө. Мөнхбатын Даваажаргалын дээд амжилтын хэсэг нь мөнхийн рекорд байхад эргэлзэх юмгүй болжээ.
Р.ЧУЛУУН (Спортын сэтгүүлч)