
О.Анужин үеийнхнээсээ тэс өөр. 16 настайгаасаа эцэг, эхээсээ хамааралгүйгээр “үүрнээсээ” ховхорч, өөрийн гэсэн ажилтай, орлоготой болчихсон. Гэхдээ хоёр жилийн өмнө тэр бусад хүүхдийн л адил ерөнхий боловсролын сургуульд суралцаж, багш нарынхаа өгсөн үүрэг даалгаврыг хийдэг байв. Түүний англи хэлний мэдлэг ч тийм сайн байгаагүй. Харин одоо О.Анужин “Монголиан гайд тур” аялал жуулчлалын компанид нарийн бичиг, оффис менежер хийдэг. 16 настайдаа тус компанид англи хэлний хөтчөөр ажиллаж байгаад удирдлагуудынхаа анхааралд өртөн өдгөө гол ажлыг нь “нугалдаг” болжээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Хоёр жил хүрэхгүй хугацаанд англи хэлний мэдлэгээ огцом дээшлүүлж, гадаадын топ их, дээд сургуульд шалгалт өгөх хэмжээнд хүрсэн нууцаасаа хуваалцахгүй юү?
-Манай улсын боловсролын систем хэдэн жилээр хоцорч байгааг ойлгосонд л учир нь байгаа юм. Миний үеийн хүүхдүүд их сургуульд мөнгө төлөхийн тулд л сурдаг. Энэ нь тэдний буруу биш. Би Монголд SAT (Subied test)- д бэлтгэдэг сургалтын төв байдгийг дуулаад аравдугаар (45 дугаар сургуулийн) ангиасаа шууд тийшээ орчихсон. Монгол багш хичээл зааж, хүүхдүүд нь АНУ-ын Нью-Йоркийн багачуудын дунджаас 100 оноогоор илүүрхэж байсан нь миний сонирхлыг татсан. Ийм шалгалт өгөгсдийг зөвхөн Америкт л бэлддэг. Гадаадад сурч, тухайн орны Засгийн газар, их сургуулийнх нь тэтгэлгийг авахын тулд TOFEL, IELTS өгч, өндөр оноо авах хэрэгтэй. Харин миний сурч, төгссөн “Хөгжлийг инженерчлэгч” клубэд энэ бүхнийг АНУ-ын түвшинд заадаг учраас манай ангийнхан тэндхийн топ 20 сургуульд тэнцэж, 100 хувийн тэтгэлэг авч чаддаг юм.
-Сургуулиа орхиод сургалтын төвийг сонгоно гэдэг маш том зориг. Аав, ээж, багш нар чинь эсэргүүцсэн л байлгүй дээ?
-Эхэндээ бүгд эсэргүүцэж, багшийг янз бүрээр ярьж байсан. Бүх хичээлээ хаяад зөвхөн англи хэл сурна гэсэн нь тэдний сэтгэлд багтаагүй байх л даа. Гэхдээ би зорьсон. Түүнийхээ төлөө тууштай байж чадсан учраас өнөөдөр ажилтай, бас өөрийнхөө хэмжээнд овоо мөнгө олж чадаж байна. 16 настай хүүхэд хөтөч хийнэ гэхээд эхэндээ гайхдаг байсан. Гэхдээ чадвартай, өөртөө итгэлтэй бол нас хэзээ ч гологдохгүй. Манай сургалтын төв 18 сарын сургалтдаа 15 настай сурагчдыг элсүүлж, арванхоёрдугаар анги төгсөх жил нь TOFEL, IELTS, SAT-д бэлдүүлж, шалгалт өгүүлдэг. Олонх нь гадаадын топ сургуулиудад тэнцэж, тэтгэлэг авч байна. Манай сургалтын төвийн давуу тал нь хүүхдүүд өөрсдөө суралцах газар, сургуулиа сонгож, хүссэн мэргэжлийнхээ дагуу шалгалтаа өгдөг. Учир нь багш физик, хими гээд бусад хичээлийг бидэнд заадаггүй. Яг америк сургуулиуд шиг англи хэл, амьдрах ухаан, математик л үздэг. Амьдрах ухаан хичээлээр л гэхэд дэлхийн алдартай уран зураг, бестселлер номнуудыг англи хэлээр уншихаас гадна Америкийн түүхийг давхар судална. Хажуугаар нь TOFEL, IELTS, SAT өдөр бүр орно. Багш бидний тархитай л “ярьдаг”. Хүний тархи 05.00- 06.00 цагийн үед хамгийн сэргэг, ой тогтоолт, хэл яриа нь сайн байдаг гээд хичээл 06.00 цагт ордог байсан. Бид гэрээсээ 1-2 цагийн өмнө алхаж очно. Эхний гурван сарын дотор л шал өөр болно шүү дээ. Ерөнхий боловсролын сургуульд хүүхдүүд өдөрт зургаан цаг хичээллээд тардаг бол бид өдөрт дуртай зүйлээ хэдэн ч цагаар хамаагүй үздэг байсан. Шинжлэх ухаанд дуртай бол түүнийхээ талаар хэдэн ч цаг, хоногоор судалж, сурч болдог. Хөгжих, сэтгэн бодох чадвар ч дагаад сайжирдаг байлаа. Эхний нэг жилд нь бид 4800 болон 5800 үгтэй дэлгэрэнгүй толь бичиг цээжилж, суурь мэдлэгтэй болно. Дараа нь SАT, TOFEL, IELTS шалгалтад ордог үгнүүдээ бүгдийг нь тогтоодог. Хамгийн сүүлд үндсэн хичээл болох тестүүдээ бөглөнө дөө. Чөлөөт цагаа үр дүнтэй ашиглаж, бие даан сурсан нь шигшигдэж, гадаад руу дуртай сургуульдаа явна. Багш SАТ өгсөн хүүхэд бүрийн бүх хичээлийг 90 А, TOFEL, IELTS тус бүр 40 оноо авбал 97, 60 оноо бол 99, түүнээс дээш бол 100 хувь А-ээр бодож, бүрэн дунд боловсролын гэрчилгээнд дүйцүүлэн тавьж өгдөг.
-Чамайг Норвеги улс руу сурахаар удахгүй явна гэж дуулсан юм байна. Яагаад Норвегийг сонгов?
-Норвегид сурахын тулд TOFEL өгдөг. Би 100-гаас 82 оноо авсан. Тэндхийнх Монголтой төстэй, таван сая хүн амтай, газар нутгийн хувьд ч ойролцоо. Гэхдээ 1960- аад оноос хойш маш хурдацтай хөгжсөн. Байгалийн баялгаа зөв ашиглаж, баяжсан нь миний сонирхлыг их татсан. Тиймээс би тэднээс суралцахаар явах гэж байна. Магадгүй Монголдоо эргээд ирэхэд хэрэг болох байх. Норвеги зургаахан их сургуультай, бэлтгэл коллеж олонтой юм билээ. Би тус улсын Засгийн газрынх нь тэтгэлэгт хамрагдаж байгаа. Нэг сарын тэтгэлэг нь 3000 евро. Гэхдээ өртөг өндөртэй улс шүү дээ. Манай багш “Хүмүүсийг битгий дуурай, бүү дага. Өөрийнхөөрөө бай” гэж сургадаг. Тиймдээ ч би ээж, аавыгаа ятгаж чадсан. Манай сургалтын төлбөр сарын 160 мянган төгрөг. Эхний 10 сарын төлбөрөө ээжээсээ зээлээд найман сарын дараагаас хөтөч хийж, гэр бүлээсээ санхүүгийн хувьд хараат бус болсон. Ээжийнхээ мөнгийг ч эргүүлэн төлж, сургалтын төлбөрийнхөө үлдсэн зардлыг өөрөө өгсөн. Эцэст нь хэлэхэд, хэл сурахад цаг хугацаа, хүч хөдөлмөр маш их шаардана. Өөрийнхөө сонголтод үнэнч байгаарай. Тэгвэл бүгдийг чадна.