
“Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагынхан өнгөрсөн нэгдүгээр сард цагдан хорьж шалгаж эхэлсэн. Түүнийг Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт хүмүүстэй хамтран буга, чоно, зэрлэг гахай авласан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар бид тухайн үед мэдээлж байв. Тус аймгийн Цагдаагийн газрынхан Б.Батзаяагийн хөлөглөж явсан автомашиныг нь шалгахад бугын толгойн ястай эвэр, мөн гөрөөсний эвэр, чонын гурван арьс, зэрлэг гахайн арьстайгаа гуя зэрэг эд эрхтэн байсан юм. Уг хэргийг нь Хэнтий аймгийн Цагдаагийн газраас Мөрдөн байцаах газар (МБГ)-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст эд мөрийн баримтуудынх нь хамт шилжүүлснийг шалгаж эхэлж буй аж.
Харин МИАТ-ын гэх мөнгө угаасан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Ч.Хоролсүрэнгээс хоёр сая ам.доллар залилсан түүний хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Зарим эх сурвалж “Бусдыг залилсан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон” хэмээсэн ч прокурор, ЭЦГ-ынхан ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзав.