
Зургадугаар сарын 1-ний хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тэд эрхээ эдэлж чадаагүй тохиолдол олон гарлаа. Тэр ч бүү хэл амиа алдсан хэрэг ч гарав.
Эндээс Монголд хүүхдийн эрх ямар хэмжээнд байна вэ гэдэг нь харагдаж буй биз. УИХ-аас энэ оны хоёрдугаар сарын 5-нд Хүүхдийн эрхийн тухай хууль баталсан. Түүний 5.2-т “Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй” хэмээжээ. Харамсалтай нь энэ хуулийн заалт амьдралд хэрэгжихгүй байна. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг 10 настай А хэмээх охин хашаандаа тоглож байгаад барилгын дотоод засалд ашигладаг 240х120 см хэмжээтэй, нэг см-ийн зузаантай 10 ширхэг гипсэн хавтанд дарагджээ.
Гэрийнхэн нь түүнийг Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүргэсэн ч гэмтэл нь хүнд байснаас амиа алдсан байна. Энд дээрх хуулийн аюулгүй орчинд амьдрах заалт зөрчигдөв. Түүнээс гадна эрхээ хамгаалах өдрөөрөө нохойд уруулсан хоёр ч тохиолдлыг цагдаагийн байгууллага бүртгэсэн байна. Чингэлтэй дүүргийн нутагт долоон настай охины толгойг тус дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ч-ын нохой урсан бол Баянзүрх дүүрэгт долоон настай хүүгийн хөлийг хазжээ. Энэ өдөр баяр тэмдэгдэж явсан 97 хүүхэд эцэг эхээсээ төөрснийг цагдаагийнхан олж өгсөн байна.