
“Эсрэг талын байрны, яг манай давхрын айл ерөөсөө хөшгөө татахгүй юм. Хамаг юм нь харагдаад байхад санаа зовдоггүй юм байх даа” гэж танил минь ярьж байсан санаанд оров. Газрын зөвшөөрлийг ямар ч төлөвлөлтгүйгээр олгож, хотоо тэлэх бус, улам чигжиж буй учраас цонхоороо нэгнийхээ амьдралыг нэвт хардаг болсон хэрэг. Гэтэл энэ байдал улам гаарч, зэргэлдээ байрныхаа оршин суугчтай цонхоороо гар барин мэндэлдэг болох нь.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн I хорооны 16 дугаар байр “Цэцэг” зочид буудлаас ердөө 30 гаруйхан метрийн зайтай. Уг талбайд байрны оршин суугчдын амрах талбай, автомашины зогсоол бий. Гэвч өнгөрсөн тавдугаар сарын 31-нд тус талбайг тойруулан хашаа татсан байна. Ингэхдээ хашааны булангуудыг байрны хананд бэхэлсэн гэнэ. Улмаар газар шорооны ажил эхлүүлэхээр техник хэрэгслээ оруулжээ. Оршин суугчид нь үүнийг эсэргүүцэх үед цагдаагийн байгууллагын албан хаагчид хүч хэрэглэн, иргэдэд “Хашаанд гар хүрэх юм бол торгоно, баривчилна” гэх зэргээр сүрдүүлсэн утга, агуулгатай хуудас тараасан аж. Энэ талаар тус байрны оршин суугчид “Уг талбайд ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн ажилчдын орон сууц барих юм гэнэ лээ.
Гэнэт хашаа татчихсан. Таван давхар байртай зэрэгцүүлж, арван давхар барилга барьж болох уу. Бид “Байрны хананд бэхэлсэн хашаагаа буулгаад кадастрын зургийнх нь дагуу барь” гэсэн шаардлага тавьсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн албан хаагчид ирж “Баривчилна” хэмээн айлган сүрдүүлсэн. Үүнээс нь болоод бид машинаа хүүхдийн тоглоомын талбай дээр байрлуулж байна. Бид нийслэл, дүүргийн Засаг даргад энэ талаар мэдээлэл өгсөн. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт ч хандсан. Гэвч хариу ирээгүй. Бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна” гэв.
Барилгын ажил эхлүүлэхдээ тухайн талбайд ямар зориулалттай, хэдэн давхар барилга барих тухай мэдээллийг байрлуулах ёстой. Гэвч тийм мэдээлэл байсангүй. 2012 онд хотын дарга асан Г.Мөнхбаяр тус газрыг ашиглах зөвшөөрөл олгосон аж. Харин гүйцэтгэгч нь шаардагдах бичиг баримтаа бүрдүүлээгүй учир барилга барих зөвшөөрөл хараахан гараагүй байгаа гэнэ. Гэвч тэд барилгын ажлаа эхлүүлэхээр ийнхүү шуугиан тарьжээ.
“Барилга барихдаа нийт талбайнхаа 30 хувьд ногоон байгууламж, авто зогсоол хийх ёстой” гэсэн журам бий. Мөн барилга хоорондын зай 40 метрээс дээш байна ч гэж заасан байдаг. Гэвч тэнд энэ бүгдийг шийдэх талбай байхгүй. Тэгэхээр нийслэлийн ногоон байгууламж, зогсоолгүй орон сууц нэгээр нэмэгдэх нь.