
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өнгөрсөн гуравдугаар сард “Сентерра гоулд” ХХК-ийн, Ноён уулан дахь ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэсэн билээ. Ингэхдээ анхан шатны шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргаж, “Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгосон. Хариуцагч тал уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, давж заалдсан юм. Тэгвэл Ноён уулыг ашиглах, олборлохтой холбоотой шүүх хурал өчигдөр нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болов. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд талуудыг хэргийн материалаа дахин бүрдүүлэхийг даалгасан байна. Ийнхүү маргааныг эцэслэн шийдвэрлээгүй тул “Сентерра гоулд” ХХК олборлолтын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй хэвээр үлдлээ.