
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Японы хэлэлцээр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж буй. Үүний хүрээнд хоёр тал 17 чиглэлээр хэлэлцээ хийсэн. Үүнээс гаалийн байгууллага гаалийн тарифын хөнгөлөлт, бараа бүтээгдэхүүний гарал үүслийн тусгай шалгууртай холбоотой асуудлыг зохицуулж буй аж. Гааль, татварын ерөнхий газар энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын бэлтгэлээ хангаад буй гэнэ. Энэ талаар Гааль, татварын ерөнхий газрын Гаалийн тариф, татварын газрын улсын байцаагч Э.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Хэлэлцээрийн гол ач холбогдол нь юу вэ?
-Японы өндөр технологийг эх орондоо нэвтрүүлэх, эсрэгээрээ тус улс руу зөвхөн түүхий эд бус, бэлэн бүтээгдэхүүн гаалийн тарифгүй, эсвэл хөнгөлөлттэйгөөр экспортлох боломж олгож байна. Японы импортын гаалийн тариф нь манай орныхоос өндөр байдаг. Тиймээс энэ боломжийг манай гадаад худалдаа эрхлэгч болон үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, иргэд ашиглах хэрэгтэй.
-Гаалийн тарифаас хөнгөлүүлэхийн тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Гаалийн хөнгөлөлттэй тариф эдлэхийн тулд гарал үүслийн гэрчилгээтэй байх шаардлагатай.
-Бараа, бүтээгдэхүүний тариф хэдэн хувиар буурч байгаа вэ?
-Бараа бүрт өөр тарифын хөнгөлөлт эдлэхээр тохирсон. Хэлэлцээрийн хавсралтад жагсаасан “А” тэмдэглэгээтэй бараа бүтээгдэхүүнийг хэлэлцээр хэрэгжиж эхлэх өдрөөс гаалийн тарифаас шууд чөлөөлнө. Харин “В3”, “B5” гэх мэт байвал гурав, таван жилийн хугацаанд тарифыг жигд бууруулж, тодорхой хугацааны дараа тэглэнэ.
-“X” болон “R” гэсэн тэмдэглэгээ нь ямар учиртай юм бэ?
-“X” тэмдэглэгээтэй барааг гаалийн татвараас чөлөөлөхгүй. Харин “R” байвал эргэж хэлэлцэнэ гэсэн үг.
-Гаалийн тарифын төрөл өөрчлөгдөж байгаа гэсэн.
-Өмнө нь гаалийн нэн тааламжтай гэсэн нэг л тариф ашигладаг байсан. Харин өнөөдрөөс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй гэсэн гурван төрөлтэй болж байна. Хөнгөлөлттэй гэдэг нь уг хэлэлцээрийн дагуу мөрдөх тариф юм. Нэн тааламжтай тариф нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд болон Беларусь улсын гарал үүслийн гэрчилгээтэй бараанд хамаатай. Харин ердийн тарифыг эдгээр улсын жагсаалтад ороогүй, эсвэл гарал үүслийн гэрчилгээгүй бол хэрэглэх юм. Энэ нь нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байх хуулийн заалттай.
-Японы гаалийн тариф хэдэн хувь байна вэ?
-Манай гаалийн тариф дунджаар таван хувь бол Япон улсынх 6.3 хувь байна. Үүнээс хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн 17.5 хувийн татвартай. Харин аж үйлдвэрийн барааных 3.7 байгаа. Манай улс Япон руу баяжмал, хүдэр, хувцас, сүлжмэл эдлэл зэргийг голлон экспортолдог. Харин Японоос импортолж буй барааны 67 хувийг автомашин эзэлж байна.
-Хэлэлцээрийг хэрэгжүүлснээр манай ямар бүтээгдэхүүнийг гаалийн тарифаас шууд чөлөөлөх вэ?
-Хонь, ямааны мах, өндөг, цэвэр ус, шар айраг, чацаргана, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг бараа бүтээгдэхүүн өнөөдрөөс Японы гаалийн тарифаас чөлөөлөгдөж байгаа. Харин үхрийн мах, сүү, аарц, зөгийн бал, гоймон, гурилан болон уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг үе шаттайгаар бууруулна.
-Аж ахуйн нэгжүүдэд энэ талаарх мэдээллийг хэрхэн түгээж байна вэ?
-Гааль, татварын ерөнхий газар МҮХАҮТ-тай хамтран экспортлогч, импортлогчдод мэдээлэл өгч байгаа.