
-70 орчим мянган тээврийн хэрэгслийн татварыг эзэд нь төлөөгүй байгаа гэдэг үнэн үү?
-Бид энэ сарын 20 хүртэл хяналтын тооллого явуулж байгаа. Үүний дараа нэгдсэн тоо гарна. Өнөөдөр (өчигдөр) хотын ерөнхий менежер удирдамж гарган, дүүргүүдийн Замын цагдаа, Татварын хэлтсүүдэд хүргүүлж, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг шалгаж эхэллээ. Хэрэв татвараа төлөөгүй машинаар замын хөдөлгөөнд оролцсон бол бичиг баримтыг нь хурааж авна.
-Жолооч нар хураалгасан бичиг баримтаа хаанаас очиж авах вэ?
-Хураалгасан бичиг баримтыг “Дүнжингарав”, “Мишээл” худалдааны төв болон Сонгинохайрхан дүүрэг дэх “Монгол Хьюндай” гэсэн гурван газарт төвлөрүүлж байгаа. Тодруулбал, жолооч Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутагт хөдөлгөөнд оролцож байгаад тээврийн хэрэгслийнхээ бичиг баримтыг хураалгасан бол “Дүнжингарав” худалдааны төв дэх нийслэлийн үйлчилгээний төв (ННҮТ)-д очиж татвар, торгуулиа төлөх юм. Харин Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт хураалгасан бол “Мишээл” худалдааны төв дэх ННҮТ-д хандана.
-Тодорхой шалтгааны улмаас татвараа заасан
хугацаанд төлж амжаагүй, өнөөдөр сайн дураараа төлье гэсэн жолоочийг торгох уу?
-Үгүй. Замын цагдаа илрүүлсэн, эсвэл татварыг нь төлөөгүй машинаар замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналтын камерт бичигдсэн бол торгууль ногдуулна. Татвараа төлөөгүй машины улсын дугаарыг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт сануулсан учир гэрийн хаягаар нь торгууль хүргэнэ. Татвараа төлөх хүртэл нь өдөр бүр торгууль бичнэ гэсэн үг.