
Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо өчигдөр ээлжит хурлаа хийв. Энэ жилийн наадмын төсвийг өнгөрсөн жилийнхтэй ойролцоо буюу 2.9 тэрбум төгрөгөөр баталжээ. Үүний нэлээд хэсгийг Улсын наадмын нээлт, хаалт болоод урлаг, соёлын арга хэмжээнд зарцуулах учраас Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын танилцуулга хамгийн их сонирхол татаж байлаа. Дөрвөн том тэгш ой давхацсан наадмын нээлт, хаалтыг найруулах хүндтэй үүргийг сонгон шалгаруулалтаар хүлээсэн тэрбээр энэ жил монголчуудад олон бэлэг барих бололтой. Тухайлбал, нэрт зураач асан Б.Шарав гуайн “Монголын нэг өдөр” зургийн сонин сайхан өгүүлэмжтэй хэсгүүд наадмын өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд “амилахын” зэрэгцээ Модун Шанью 40 морин цэрэг, 400 явган цэрэгтэй гарч ирэн, Хүннү гүрний сүр хүчийг үзүүлэх гэнэ. Их Монгол Улсыг байгуулсан түүхийг үзүүлэхдээ гэрэгэ, өртөө, Их хуралдай, торгоны зам, тэмээн жингийн цуваа “ашиглах” бол Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны “Тусгаар тогтнол” шүлгийн бадрангуй хэмнэл дор VIII Богд хаан чийчаантайгаа наадмын талбайд “морилж”, Ардын хувьсгал ялсны бахархлыг Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “Магнаг үсэгтэй туг”-аар харуулах юм байна. Түүнчлэн Модун Шанью газар шорооныхоо төлөө, Чингис хаан тусгаар тогтнол, эв нэгдлийн үнэ цэнийн тухай, Богд хаан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар тус тусын айлдвараа хойч үеийнхэнд хэлнэ гэхээр энэ жилийн Улсын наадмыг илүү утга төгөлдөр болгох юм шиг ээ. Мөн найруулагч ШУТИС-ийнхантай хамтран “Союз 39” хөлгийн нэгэн хувилбарыг есөн пуужинтай хамт хөөргөхөөр зэхэж буйг нь сонссон наадмын комиссын гишүүд аюулгүй байдлаа сайн бодолцох хэрэгтэйг сануулсан.
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 7300 гаруй машины зогсоол гаргахаар бэлтгэж буй гэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварыг чанартай хийх, Хүй долоон худаг дахь морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ, худалдаа, үйлчилгээний газруудын зүлгийг одооноос усалж, халцгай хэсгийг зүлэгжүүлэх, мөн наадам болтол тэнд ямар нэг тэмцээн уралдаан зохиохгүй байхыг Шадар сайд Ц.Оюунбаатар үүрэг болголоо.