
Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга П.Цолмонг АТГ-т шалгаад хариуцлага тооцуулах албан мэдэгдэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд хүргүүлсэн боловч мөрдөн байцаах байгууллагад эргэж хариу мэдэгдэлгүй таг чиг болжээ. П.Цолмон нь харьяалах дүүргийнхээ нутаг дэвсгэрт найз нөхдийн хамт караоке уушийн газарт орж наргисан аж. Тэдний нийт төлбөр нь 200 гаруй мянган төгрөг болж, зөөгч нь тооцооны хуудсаа өгөхөд Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга төлөлгүй нэгэн байцаагчийнхаа утасны дугаар нэрийг нь бичиж үлдээгээд гараад явсан гэнэ.
Энэ тухай гомдол хууль хяналтын байгууллагад ирсний дагуу шалгахад П.Цолмон удирдлага дороо ажилладаг тухайн хороо хариуцсан Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, стандартын хяналтын улсын байцаагчийнхаа нэр, утсыг үлдээгээд явсан болох нь тогтоогджээ. Нөгөө байцаагч нь ч тухайн уушийн газрын эрх бүхий хүмүүс рүү утас цохиж төлбөрийг нь хөнгөлөөч гэж шаардсаны дагуу 80 гаруй мянган төгрөг аваад салсан аж. Хэдийгээр энэ нь эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдал болох нь тогтоогдоогүй ч, захиргааны арга хэмжээ авах үндэслэл болсон аж.
Иймэрхүү байдлаар мэргэжлийн хяналтын байцаагчид эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлдэг байж болзошгүй гэж үзсэн мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагаас дээрх хариуцлага тооцуулах бичиг хүргүүлсэн юм байна. Нийслэлийн МХГ-ын эх сурвалж “Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга П.Цолмонгийн гурван сарын цалингийн 20 хувиар торгох арга хэмжээ аваад өнгөрсөн. Уг албан тушаалтан нь МАХН-ын гишүүн учраас төрийн эрхийг эвсэж барьж буй гэсэн утгаараа ажлаас нь чөлөөлөх боломж байгаагүй” гэж мэдээллээ.