
МАН-ынхан 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр худалдан авах тогтоолын төсөл санаачлан, яаралтай хэлэлцүүлэхээр өчигдөр Засгийн газарт хүргүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцаа нэг бүрийг 933 төгрөгөөр үнэлэн нэг сая төгрөгөөр худалдан авах ажлыг энэ сард багтаан зохион байгуулах даалгаврыг Засгийн газарт үүрэг болгох агуулгатай уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нар санаачилжээ. Ингэснээр хувьцаа эзэмшигч нийт 1.5 сая иргэн, түүний дотор цалин, тэтгэвэр, арилжааны зээлтэй 971 мянган иргэний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болно гэж үзэж буйгаа санаачлагчид нь онцолсон. Уг нь дөрвөн жилийн өмнө Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцаатай байсан ч хоёр жил дараалан 180 мянган оюутан сургалтын төлбөрөө хувьцаагаараа төлж, 270 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бэлэн мөнгө хэлбэрээр авч, үлдсэн 1.5 сая иргэн өдгөө “амьгүй” хувьцаа эзэмшиж буй юм. Тэд хувьцаагаа мөнгөөр авах хүсэлт гаргасан байдаг. Тиймээс иргэдийнхээ хүсэлтийг харгалзахын сацуу эдийн засгийн нөхцөл, өр зээлийн дарамтыг тооцоолон уг арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гэж байв.
Ардын намын нэр бүхий гишүүн төслөө өргөн барьсны дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдан, “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувь буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж авахаар шийдвэрлэсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр АН-ын зарим сайд ээлжит сонгуулийн өмнө МАН-ынхны санаачилсан төслийг дэмжих нь зохисгүй гэж байсан ч хувьцааны тодорхой хэсгийг мөнгөжүүлэх шийдвэрт хүрсэн нь энэ. Уг шийдвэрийн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн бөгөөд үлдсэн 70 хувьтай тэнцэх хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөжээ. Гэхдээ хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Мөн иргэд хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан тохиолдолд дээрх хэмжээний хувьцааг худалдаж авах юм байна. Ийнхүү МАН-ынхны санаачилсан 1072 хувьцааг мөнгөжүүлж, амь оруулах арга хэмжээг Засгийн газар энэ сарын 13-наас хэрэгжүүлэх аж.