
Налайхын уурхайд дахин осол гарлаа. Нийслэлийн Налайх дүүргийн III хороонд үйл ажиллагаа явуулдаг “Зоогийн эх” ХХК-ийн уурхай нурж, таван хүн дарагдсан тухай дуудлага энэ сарын 8-ны 19.08 цагт Уул уурхайн аврах ангид иржээ. Аврагчдыг очиход 90 градусын өнцөг үүсгэн малтсан, 60 метр гүн цооногийн амнаас цааш 25 метр дэх хэсэгт бэхэлгээ нурж, цаана нь нүүрс олборлож байсан хүмүүсийн замыг таглан, агаарын дутагдалд оруулах эрсдэл үүссэн байжээ. Хугарсан мод, нурсан чулуу, шороог саванд хийн, олсоор дээш татаж зөөх замаар аврагчид зам гарган, цаана гацсан уурхайчдад гар станц, аврах олстой хамт өгөн, татаж гаргасан аж. 04.30 цаг үргэлжилсэн энэхүү аврах ажиллагаанд 24 аврагч оролцон, таван хүний амь аварлаа.
Үүний өмнөх өдөр буюу энэ сарын 7-ны 15.20 цагийн үед Баялагийн хонхорт байрладаг Д-гийн бичил уурхай нурж, хоёр хүний аминд хүрсэн юм. Уг уурхайн ам 26 градусын налуутай, 60 метр гүн байсан агаад аврагчдыг ороход уурхай дотор амьсгалах агаар хүрэлцээгүй, багажаар хэмжихэд 18 хувь нь хүчилтөрөгч байжээ. Уг нь агаарын найрлагын 21 хувь нь хүчилтөрөгч байх ёстой. Хүчилтөрөгч багатай, хүн явган суугаа байдлаар явах, эсвэл мөлхөхөөс өөр аргагүй энэ уурхайд дарагдсан хүмүүсийн цогцсыг гаргаж авахад 13 цаг зарцуулсан аж.