
Орон сууцанд амьдардаг иргэдийн “зовлонт” үе эхлээд сар шахам болж байна. Жил болгоны тавдугаар сарын 15-нд халаалт зогсохтой зэрэгцээд халуун усны хязгаарлалт хийдэг. Халуун ус тасалдаг энэ үед цаг агаарын байдал ямар байдаг билээ. Цас, борооны аль нь ч “айлчилж” мэдэх үе шүү дээ. Цахилгаантай л болохоос биш, усгүй, халаалтгүй орон сууц хүйтэн зоорь шиг болж, агуйгаас ялгарахгүй гэхэд хилсдэхгүй. Иргэд ч үүнтэй хэдийнэ эвлэрчихэж. Ямар сайндаа л “Хэдэн хамаатантай минь дотносуулдаг үе эхэллээ”, “Халуун ус ч, халаалт ч, зун ч алга. Ер нь “халуун”-тай холбоотой юу ч алга” хэмээн хошигнож байх вэ. Байгаль дэлхий ивээж зуны улирал эхлээд, нар төөнөвөл бас л нэг зовлон нэмэгдэнэ. Халуунд хөлс ханхлуулаад явахыг хэн хүсэх билээ. Тэгээд л халуун ус бараадан хэдэн хамаатан руугаа утас цохино.
“Паалантай жорлонд сууж, паартай байшинд амьдарна” гэдэг заримдаа зовлонтой юм шиг санагддаг. Яагаад гээч, халаалт, халуун, хүйтэн усгүй бол тав тух гэдэг зүйл үгүй болчихдог юм.
Өнгөрсөн Цагаан сарын шинийн 1-ний өглөөг цай чанах усгүй угтаж байлаа, манайх. Холбогдох бүх байгууллага руу нь залгаж байж хагас цагийн дараа хүйтэн усаа арай гэж “олж” авсан. Халуун ус нь нэлээд хэдэн цагийн дараа ирэв. Хэрэв гэр хороололд амьдардаг байгаад ийм явдал болбол өөртөө л гомдоно. Орон сууцанд байгаа бид хэндээ ч гомдох вэ дээ.
Бас зарим өглөө ажил, хичээлдээ явахаар босоод, нүүрээ угаах гэтэл хоосон гоожуур хийгээр тургиад дусал ус ч гарахгүй. Тэр үед арга буюу ус буцалгагчийнхаа ёроолд үлдсэн аягахан усаар хүүхдийнхээ нүүрийг угаагаад, өөрөө ус ирэхийг хүлээнэ. Яг ингэж ажлаасаа хоцорч байсан тохиолдол бий. Хоцорсон хүн яах вэ, мэдээж авдаг хэдээсээ хасуулна.
Үнэндээ бид маш өндөр үнээр ийм тав тухгүй байдлыг “худалдан авдаг”. Халуун усны бараа харалгүй нэг сар болчихоод, байрны мөнгө төлөхдөө ус халаасны төлбөр тушаадаг нь бүүр “зэвүүн”. Түүнийгээ бүрэн бүтнээр нь авахаа Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрынхан мартахгүй, ичихгүй. Гэхдээ дараагийн жилүүдэд хагас дутуу ч гэсэн устай байхын тулд бид энэ байдлыг тэвчсээр, эвлэрсээр л сууна.
Саяхан даа, шөнийн тоолуур тавиулбал хэрэглэгчдэд ашигтай гээд л сурталчилж байсныг санаж байна уу. Мөнгөө хэмнэх санаатай нэлээд хэдэн төгрөг зарлагадаад өнөөх тоолуурыг нь тавиулж, шөнөдөө угаалгын машинаа ажиллуулдаг болов. Ингэснээр эхний хоёр сар цахилгааны төлбөрт өгөх мөнгө маань багагүй буурлаа шүү. Тэгсэн биднийг ийнхүү мөнгөө хэмнэж байгааг мэдсэн юм шиг шөнийн цагаар усаа тасалдаг болчихов. Ингээд нэг шөнө хий дэмий угаалгын машинаа асаалттай хонуулсан юм даг. Түүнээс хойш шөнийн цагаар ус тасалдаг моод манай Баянзүрх дүүрэгт дэлгэрсэн.