
БНХАУ-ын Засгийн газрын 60 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Монголд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв барих гэж байна. Уг ажлыг эхлүүлэх гэрээнд талууд өчигдөр гарын үсэг зурлаа. 250 ортой байх тус төв нь амбулаторийн нөхөн сэргээх, хоцрогдол арилгах, хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь эмчлэх, энгийн ортопед (тулгуур эрхтнийг орлох хиймэл хэрэгсэл)-ын туслах хэрэгсэл хийж өгөх үйлдвэр, эцэг эхчүүд, гэр бүлийнхэнд нь зориулсан сургалтын төвтэй байх аж. Мөн сэргээн засах чиглэлээр сургалт, судалгаа, шинжилгээний ажил хийх зориулсан цогцолбортой байх гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийг хэвтүүлэн эмчилдэг байхаар шийдэж, Баянгол дүүргийн ХХ хороонд барих юм байна. “Ирэх сарын 31-нээс барилгын ажлыг эхлүүлж, 2.5 жилийн дараа ашиглалтад өгнө” гэж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин хэлэв. Тус төв нийт 14.990 ам метр талбайтай байх аж.