
БХЯ, ЗХЖШ-ынхан Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалт бусаар, үр дүнгүй зарцуулдаг тухай удаа дараа мэдээлснийг үндэслэн АТГ-ынхан тус сангийн үйл ажиллагаатай танилцжээ. Ингэхдээ Батлан хамгаалахын сайд, Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй албан тушаалтнуудын Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдуулан 2015, 2016 онд гаргасан тушаал шийдвэр, дүрэм журам болон бараа худалдан авах үйл ажиллагааг нягталсан гэнэ.
Уг шалгалтаар БХЯ цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох тушаал, шийдвэр зэргийг олон нийтэд ил тод мэдээлдэггүй, бараа материал, ажил, үйлчилгээ худалдан авахдаа хуулийн дагуу зохион байгуулж хэвшээгүй, албан тушаалтнууд өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн шийдвэр гаргасан зэрэг олон зөрчил илэрчээ.
Мөн тус яамны Нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дарга, гишүүд нь Сангийн сайдын тушаалаар батлагдсан үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг бөглөсөн боловч холбогдох хууль тогтоомжид заасан “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг тухай бүр гаргаагүй байсан гэнэ. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа тендерийн нээлтийн хурлын тэмдэглэл хөтөлж хэвшээгүй, зарим гишүүд нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасныг зөрчсөн байжээ.