
Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж, ганган, дэгжин ах, эгч нарын зураг хөдөө, хотыг “чимж” байна. Энэ удаа УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт болж буйгаараа онцлог. Тэр дундаа нийслэлийн сонгууль бүр ч содон болох нь. Монгол Улсад ардчилсан сонгууль зохион байгуулж ирснээс хойш энэ удаагийнх шиг жижигсгэсэн мажоритар тогтолцоогоор хэд хэдэн удаа “сонгуульдаж” байсан ч УИХ-ын суудлаас нийслэлд ногдох квот ийм өндөр байсангүй. Ийнхүү нийслэлийн ИТХ-ын 45 суудлаас гадна УИХ-ын сонгуулийн 28 мандатад нэр дэвшигчдийн сонгуулийн өрсөлдөөн их хотыг хөдөлгөж байна. Улсын хэмжээний бодлого ярих учиртай УИХ-ын гишүүнд горилогчид дүүрэг, хорооны тулга тойрсон асуудал ярьж, сонгогчдод тал засаж байхад тэднээс том юм сурталчлах төлөөлөгч-нэр дэвшигчид ч байна. Гэвч сая давсан хүн амтай нийслэлдээ сайхан амьдаръя гэвэл ИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж, юу амлаж буйд анхаарал хандуулах учиртай. Монгол Улсын хүн амын талаас илүү нь оршин буй нийслэлийг удирдах хүмүүсээ зөв сонгочихвол тэр хэмжээгээр улсын асуудал хөнгөрнө гэсэн үг.
Энэ удаа нийслэлийн ИТХ-д есөн нам, хоёр эвсэл болон дөрвөн бие даагч өрсөлдөж буй. Тэдгээрээс АН, МАН болон МАХН-аас тус бүр 45 хүн нэр дэвшүүлэн, багаараа өрсөлдөж байгаа. Нийслэлд төдийгүй Монголын улс төрд нөлөө бүхий гэгддэг энэ гурван нам өнгөрсөн хугацаанд тус тусын эрх хэмжээ, байр сууринаас шийдвэр гаргах түвшинд ажиллаж ирсэн. Цаашид ч тийм байх хандлагатай. Гэхдээ өнгөрөгч сонгуулиар нийслэлийнхэн АН-д ахиу итгэл хүлээлгэж, удирдуулсан. Тэр ч утгаараа Э.Бат-Үүлээр удирдуулсан нийслэлийн АН-ынхан энэ удаагийн сонгуульд ганц, нэг хүн сольсныг эс тооцвол хуучин бүрэлдэхүүнээрээ орж буй. Эрх барьж, засаглаж байсан нам хийснээсээ илүүг хийнэ гэж амлаж байгаа учраас багийнхандаа сэтгэл хангалуун буйгаа үгээрээ ч, үйлдлээрээ ч илэрхийлэх нь зүйн хэрэг биз. Харин МАН-ынхан нэлээд цус сэлбэсэн. Тус намаас нэр дэвшигчдийн олонх нь шинэ бөгөөд залуу юм билээ.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн, бүтээсэн нь оновчтой байсан, эсэхээр л маргадгаас бус, Э.Бат-Үүл хотыг даргалах хугацаанд түүхэнд байгаагүй их бүтээн байгуулалт өрнөснийг үгүйсгэх хүн үгүй биз. Нийт 244 км зам шинээр тавьж, өргөтгөсөн, дулааны, цэвэр, бохир усны шугам хоолойг сольж, шинэчилсэн, цахим карттай, ухаалаг автобус нийтийн тээвэрт нэвтрүүлсэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлсэн, иргэдэд цахимаар газар өмчлүүлсэн, “Дүнжингарав”, “Мишээл” зэрэг томоохон худалдааны төвд төрийн үйлчилгээний нэгдсэн төв бий болгосон гээд нэрлэж болно. Тиймээс ч тэд “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдгийг сануулан эхлүүлснээ дуусгаж, илүү ихийг хийх боломж олгохыг олон түмнээс хүсэж буй. Ингэхдээ тэд өдгөө ганц, хоёроор тоологдож буй төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг дүүрэг бүрт нээж, 205.7 км зам тавьж, өргөтгөн, цэвэр усны 43.7 км шугам доторлож, дулааны төв шугамаа даралтын шахуурга станцуудтай нь шинэчилж, нийтийн тээвэрт 650 шинэ автобус нэмж, цахимаар олгосон байршлуудаа дэд бүтэцтэй болгохоо амлаж буй. Мөн 70 мянга гаруй өрхийг гэр хорооллоос орон сууц руу нэмж нүүлгэхээр тооцжээ.
Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд богино хугацаанд үр дүнгээ өгч буй “Сайн хашаа” хөтөлбөр ч нийслэлийн АН-ынхны ам лалтын нэгээхэн хэсэг байх нь. 2012-2016 онд 96 сургууль, цэцэрлэг шинээр барьж, 25 мянган хүүхдийг сурах боломжоор хангасан бол ирэх дөрвөн жилд цэцэрлэг 50, сургууль 30, сургууль, цэцэрлэгийн цогцолбор 88, төрөх эмнэлэг хоёр, гурван дүүрэгт нэгдсэн эмнэлэг барьж, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж тодорхой тооцсон нь ажил хариуцаж байсан хүмүүс л амлаж чадах зүйл байж мэднэ.
Хэдийгээр сонгуулийн дүн гараагүй ч нөхдөөсөө нийслэлийн Засаг даргын албыг “улируулан” аваад буй Улсын баатар Э.Бат-Үүл “АН хүмүүст эрх чөлөөг нь олгоод зогсохгүй, хэрхэн сайхан хот бүтээн босгох үлгэр жишээг харууллаа. Бид бүтээн байгуулалтын “бослого”- ыг хийсэн. Бид Токио шиг атаархам сайхан хот байгуулах болно. Заавал үүнийгээ хийнэ” хэмээн хийсэндээ бардам, хийхдээ итгэлтэй ярьж байна.
Харин МАН-ынхан дахин төлөвлөлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалан, газар доорх болон давхар зогсоолыг хоёр дахин нэмэгдүүлж, Улаанбаатар-Хөшигийн хөндий, нийслэлийн зүүнээс баруун, урдаас хойд чиглэлд хурдны зам барихаас гадна “Гудамж” төслийг үргэлжлүүлж, гүүрэн болон нүхэн гарцуудыг шинээр барьж, автомашингүй гудамж байгуулах зорилт дэвшүүлж байна. Мөн өмчилсөн газартаа дулаан, цэвэр, бохирын системтэй орон сууц барих төсөл, хөтөлбөрийг бүхий л талаар дэмжиж, түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаа амлаж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 40 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж, гэр хороолол дахь хашаа байшинг ипотекийн зээлд хамруулах бодлого хэрэгжүүлнэ гэж буй. Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн МАН-ынхан аливаад шүүмжлэлтэй хандах гэдэг зан нь сурталчилгааны үеэр ч сэдрэх гэмтэй. Дахин төлөвлөлт нэрийн дор иргэдийн газрыг үнэгүйдүүлж, өмч хөрөнгөнд нь халдаж байна, хогны ногоон уут, хогийн сав, нэг наст ургамал тарих зэрэгт их хэмжээний хөрөнгө хийсгэлээ, төрийн албыг данхайлгаж, Засаг дарга нь хүртэл зургаан орлогчтой ажиллаж байна гэдэг МАН-ынхны кампанит ажлын нэлээд хэсэг нь шүүмжлэх өнгө аястай байна.
Шуудхан хэлэхэд, ирэх дөрвөн жилд нийслэлд АН, МАН-ын аль нь илүүрхэхийг шийдэх кампанит ажил өрнөж байна. АН хийснээ, хийхээ магтан дуулж, МАН Улаанбаатарыг “Аз жаргалтай хот” болгох амлалтаа АН-ынхныг шүүмжлэхтэй хачирлаж буй. Үүнээс гадна бүх шатны сонгуулийн сурталчилгаанд өрсөлдөгчөө илт гүтгэн доромжлох, сурталчилгааны самбар, зурагт хуудсыг санаатайгаар урж, эвдлэх зэрэг явуургүй, хар пиар ашиглах болов. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч цөөнгүй эрхэм ийм “халдлага”-д өртсөн бололтой, намын хорооноос нь сэрэмжлүүлэг хүртэл гаргасан байна лээ. Тиймээс нийслэлийн иргэн, сонгогч та хар, цагааныг дэнсэлж, мөрийн хөтөлбөрийн бодитойг нь бодолцон сонголтоо хийгээрэй. Сонгуулийн сурталчилгааны материал сүйтгэвэл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг зарим этгээдэд сануулаарай.