
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хилээр хар тамхи оруулж ирж, худалдан борлуулсан, хэрэглэсэн хэрэгт холбогдсон дөрвөн залуу, нэг бүсгүйн гомдлыг хэлэлцлээ. Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан, Б.Энхболд, И.Гомбо-Очир, Э.Уянга нарт холбогдох хэргийг өмнө нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутайг нь тогтоож байсан ч давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр буцааж байсан юм.
Уг хэрэгт холбогдсон шүүгдэгч Э.Агар нь “Ice” буюу “мөс” хэмээх мансууруулах бодисыг 2014 оны хоёрдугаар сарын 24-нд Замын-Үүд боомтоор Монгол Улсад нэвтрүүлсэн, Х.Ермек, Б.Энхболд нартай хамтран тухайн оны гуравдугаар сарын 2-нд И.Гомбо-Очирт худалдсан, Х.Ермек нь хоёрдугаар сарын 21-нд Замын-Үүдээс Эрээн рүү гарч, дээрх бодисыг оруулж ирэн Баянгол дүүргийн нутаг дахь “Мөнгөн тойг” зочид буудалд хэрэглэсэн байдаг.
Шүүгдэгч Б.Явуухулан, Б.Энхболд, Э.Уянга нар дээрх хүмүүсээс удаа дараа “мөс” авахдаа 300-800 мянган төгрөг болон IPhone 5S маркийн утсаа төлбөрийн хэрэгсэл болгон өгсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж.
Анхан шатны шүүх тэднийг хар тамхи хилээр оруулсан, бусдад худалдсан, хэрэглэсэн гэм буруутайд тооцож, Х.Ермек, Э.Агар, нарыг 11 жил, Б.Явуухуланг 10 жил нэг сар хорих ял шийтгэсэн байна. Тэдэнд ногдуулсан зарим ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулсан аж.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид өчигдөр дахиад л анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалаа. Ингэх болсон үндэслэл нь анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ зөрчил гаргаж, прокуророос яллах дүгнэлтэд дурдсан нэг зүйл ангид заасан хэргийг нь шийдвэрлэж, ял шийтгэлгүй орхисон гэж үзжээ.