
Хачин, жигтэй юм мөн ч их болох юм даа энэ улсад. Монгол орны маань хөгжилтэй л холбоотой байх даа. Хэдэн жилийн өмнө “Тендерт оролц, шалгаруулна, 10 хувийг нь авна” гэдэг бизнес жигтэйхэн цэцэглэж байсан. Ийм бизнесээр хөлжсөн нөхөд ч олон. Гэтэл тендерийн эцсийн шалгаруулалт болоогүй, оролцогчийнх нь бүрдүүлж өгсөн бичиг баримт нь хуудуутай байхад тухайн газар орон, объектод нь ажиллаад эхэлдэг болж. Ар, өврийн хаалга сайтай, танил тал ихтэй болохоор шууд л шалгарна гэж боддог ч юм уу, бүү мэд. Учрыг дараах нийтлэлээс магадлаарай, болсон явдлыг чадан ядан ойлгуулахыг зорьё.
ЗАРЛАСАН ТЕНДЕР ХҮЧИНГҮЙ БОЛЧИХООД БАЙХАД ЯЛАГЧ ТОДРОВ
Хариас тал нутаг, нүүдэлчин ахуйг минь сонирхох жуулчдын цуваа нэмэгдсэн, гадаадын хөрөнгө оруулагчид хөрсөн дорх баялгийг минь сонирхож эхэлсэн цагаас Монгол Улсын агаарын хаалга “нарийдах” болсон. Тиймээс Буянт-Ухаа дахь нисэх буудлыг орон нутгийн чанартай нислэгт зориулах, Төв аймгийн нутаг Хөшгийн хөндийд шинэ буудал нээхээр болж, өдгөө ажил нь ид ундарч буй билээ. Тэнд барих олон барилгыг ЗТЯ-ны захиалгаар аж ахуйн нэгжүүд дангаараа юм уу, хамтран барьж эхэлсэн. Нисэх буудлын гол барилга болох зорчигчид ирэх, явах танхим, онгоцны бууж суух замын дийлэнх хэсгийг барьж дуусчээ.
Харин нисэх буудлын дэргэд заавал байх ёстой барилгын ажил “зуун задгай, жаран хагархай” гээд хэлчихэд буруудахгүй. Нисэх буудлын дэргэд зорчигчдын тав тухыг хангахад зайлшгүй шаардлагатайд тооцогддог Захиргааны болон Катерингийн буюу нисэх буудлын үйлчилгээний барилга, ачаа, шуудан тээврийн үйлчилгээний байрны тендерийг ЗТЯ-наас захиалж, Худалдан авах ажиллагааны газар “Олон улсын шинэ нисэх буудал барих ажлын Монголын талын гүйцэтгэх төсөл, арга хэмжээ” (Төв, Хөшгийн хөндий) ХААГ-2014-XVIII.1.33 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэсэн нэртэйгээр зарлажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу захиалагч ЗТЯ-наас гүйцэтгэгчид тавих шаардлагаа нэлээд нарийвчилж өгсөн аж. Дээрх сонгон шалгаруулалтад оролцохоор 7-8 аж ахуйн нэгж, түншлэл саналаа ирүүлэв. Барилгын “Баярсконстракшн”-“Юү Ти Пи”, “Ви Эйч энд Би”-“Есүй ордон”, “Эс Си Си Эйл Монголия”- “Татах хүч” болон “Эрдэнэт лайт”-“Баганат өргөө” гэсэн түншлэл “Арц суварга”, “Асар өргөө”, БНХАУ-ын “Харбин Да Дун” компани дангаараа оролцохоор саналаа хүргүүлжээ.
Заримыг нь татвар болон нийгмийн даатгалын байгууллагад өртэй, тендерийн баталгааг дутуу ирүүлсэн, борлуулалтын орлого хүрээгүй, барилгын ганц инженертэй гэх зэрэг шалтаг, шалтгаанаар хасчээ. Тэдний нэг компани нь татварт 10 гаруйхан мянган төгрөгийн өртэй гэсэн шалтгаанаар бичиг баримтын шаардлага хангаагүйд тооцогдсон бол Хятадын компанийг барилгын ганцхан инженертэй хэмээн дүгнэн шалгаруулаагүй байна. Ийм нарийн шалгуураар ялагчийг тодруулсан атал “Ви Эйч энд Би” болон “Есүй ордон”-ы түншлэл ажил гүйцэтгэхээр Хөшгийн хөндийд тоног төхөөрөмжөө аваачиж, ажлаа эхэлсэн байх юм. Уг нь энэ түншлэлийг тусгай зөвшөөрлийн заалт таарахгүй хэмээн шалгаруулаагүй юм билээ.
Дээрх тендерт оролцсон бүх компанийн удирдлагад Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны нэгдүгээр сарын 7-нд “Тендерт оролцогчдоос гаргасан гомдлын дагуу Сангийн яам хянаж үзээд “Ви Эйч энд Би” компанийн материалыг дахин нягтлах чиглэл өгсөн байна. Тус газрынхан “Ви Эйч энд Би” болон “Есүй ордон” ХХК-ийн түншлэлийн материалыг дахин нягтлаад “Газар доорх гарц тусгай зориулалтын угсармал ба цутгамал төмөр бетон болон ган бүтээцтэй барилга, байгууламжийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд ийм тусгай зөвшөөрлөөр хийгдэх ажлыг туслан гүйцэтгэгч “Комптрейд” компаниар хийлгэх санал ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй байна. Тиймээс тухайн компанийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн, татгалзах тухай Үнэлгээний хорооны дүгнэлт хэвээр үлдсэн болохыг мэдэгдэж байна” гэсэн албан тоот өгчээ. Түүнээс долоо хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 14-нд Худалдан авах ажиллагааны газраас дахиад “Шаардлагад нийцсэн ганц ч тендер ирээгүй бөгөөд захиалагчаас үл хамаарах шалтгааны улмаас тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул тухайн тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсоныг мэдэгдье” гэсэн тоот оролцогч компаниудын удирдлагад хүргүүлжээ.
Гэтэл нөгөө “Ви Эйч энд Би” компанийнхан өдгөө Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын барилгад ажиллахаар тоног төхөөрөмжөө аваачаад газар ухаж эхэлсэн байгаа юм. Тендерээ дахин зарлаж, сонгон шалгаруулалтаа хийгээгүй байхад тоног төхөөрөмжөө аваачсан нь гайхалтай. Энэ нь тус компанийг шинэ нисэх буудал барих төслийг удирдаж буй эрх бүхий албан тушаалтан, УИХ-ын нэр бүхий гишүүн ивээдэг байх гэсэн хар төрүүлж байна.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ “ВИ ЭЙЧ ЭНД БИ”-Г ШҮҮХ ХҮЧЭЭР ЯЛУУЛЖЭЭ
Сонгон шалгаруулалтыг захиалагч ЗТЯ, зарлаж буй Худалдан авах ажиллагааны газрынхан тендерт оролцож буй компани, түншлэлд нэлээд өндөр шаардлага тавьсныг дээр дурдсан. Тиймдээ ч газар доорх гарц, тусгай зориулалтын угсармал ба цутгамал төмөр бетон болон ган бүтээцтэй барилга, байгууламжийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөл шаардсан нь зүйд нийцнэ. Олон улсын чанартай, гадаадын өндөр хэмжээний зочид хүлээн авах, Монгол орны нүүр царай болох ийм байгууламжид тавих шаардлага өндөр байхаас ч аргагүй. Гэтэл уг шаардлагыг нь хүлээн зөвшөөрөөгүй “Ви Эйч энд Би” компанийнхан нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хоёр ч удаа ханджээ. Хамгийн хачирхалтай нь тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан гомдлыг энэ шүүхийн нэг л шүүгч хянаж, зөвхөн тухайн компанийн талд шийдвэрлэсэн байгаа юм. Уг нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гомдол, нэхэмжлэл хүлээн авах арга техникийг боловсронгуй болгохын тулд Хэргийн хөдөлгөөний стандарт баталсан. Энэ стандартаар бол хэргийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хуваарилдаг. Гэтэл “Ви Эйч энд Би” компанийнхны гаргасан хоёр ч нэхэмжлэл нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатарт хуваарилагдсан нь хардлага төрүүлж буй юм. Тэрбээр дангаараа уг хоёр хэргийг шийдвэрлэсэн байв.
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр нэг нэхэмжлэгчийн өөр өөр гомдлыг зөвхөн нэг л шүүгч хянан шийдвэрлэж байсан гэх гомдол нэг бус удаа гарч, түүгээр ч зогсохгүй АТГ-т Ашигт малтмалын газрынхантай холбоотой гомдлыг шийдэж байсан шүүгч шалгуулж байсан удаа бий. Энэ жишгээр АТГ-ынхан ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй гэсэн үүднээс шүүгч Д.Зоригтбаатарыг шалгахыг ч үгүйсгэхгүй. За энэ ч яах вэ, гол зүйлдээ анхаарал хандуулъя.
Худалдан авах ажиллагааны газрынхан уг тендерийн ялагчийг тодруулахын тулд дээрх тусгай зөвшөөрөл заавал шаардлагатай, эсэхийг Барилга, хот байгуулалтын яамнаас тодруулжээ. Тус яамны Барилгын чанар, аюулгүй ажиллагааны бодлогын газрын дарга Ц.Ганбатын гарын үсэгтэй албан тоотод “Тендерийн бичиг баримттай танилцаад 2.1.5 ажлын төрөл нь дээрх төсөл арга хэмжээний барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Мөн дээрх ажлын төрөл нь зарлагдсан тендер арга хэмжээний нийт ажлын хэдэн хувьд нь хамаарахыг тогтоох нь Үнэлгээний хорооны хийх ёстой ажил юм” гэсэн хариу өгчээ. Тэгэхээр яалт ч үгүй чухал шаардлагатай тусгай зөвшөөрөл нь “Ви Эйч энд Би” болон “Есүй ордон” компанид байхгүй, туслан гүйцэтгэгч нь шаардлага хангахгүй учраас Худалдан авах ажиллагааны газрынхан тендерийг цуцлахаас өөр арга байгаагүй гэсэн үг.
Дахин тендер зарлах эсэх, “Олон улсын шинэ нисэх буудал барих ажлын Монголын талын гүйцэтгэх төсөл, арга хэмжээ” (Төв, Хөшгийн хөндий) ХААГ-2014-XVIII.1.33 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил ямар шатандаа явааг өчигдөр Худалдан авах ажиллагааны газрынхнаас лавлахад “Шүүхээс “Ви Эйч энд Би” компанитай гэрээ байгуул гэсэн шийдвэр гарсны дагуу ЗТЯ гэрээ байгуулсан” хэмээн хариуллаа. Тэгэхээр хүчингүй болсон тендерийн ялагчаар тус компани тодорч, түүгээр зогсохгүй шүүхээр захирамж гаргуулаад ажлаа эхлэхээр тоног төхөөрөмжөө аваачаад байгаа аж.
ЗТЯ-ныхан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.4 дэх хэсэгт “Захиалагч хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхын шаардлага хангасан, эсэхийг дахин магадалж болно” гэж заасныг баримтлан, “Ви Эйч энд Би” болон “Есүй ордон” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг магадалсан. Энэ тендерт “Ви Эйч энд Би” ХХК дангаараа гүйцэтгэх барилгын суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлаас бусад ажлыг “Есүй ордон” ХХК хамтран гүйцэтгэх ёстой. Гэтэл “Есүй ордон” ХХК-д Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны тавдугаар сарын 31-ний 162 дугаар тушаалаар олгосон барилгын ажил эрхлэх БУ16-404/12 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа нь дээрх зөвлөмж гарахаас өмнө дууссан нь Барилгын хөгжлийн төвийн лавлагаагаар илэрсэн. Тиймээс уг түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, гэрээ байгуулахаас татгалзсан” хэмээж байна. Мэргэжлийн байгууллагууд нь ийм хариу өгсөөр байтал шүүхээс “Ви Эйч энд Би” ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн тендерийн гэрээг байгуулахыг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай” гэсэн шийдвэрийг шүүгч гаргажээ.
Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтад ажиллаж буй эх сурвалжийн мэдээлснээр “Сүүлийн 1-2 хоног “Ви Эйч энд Би” компанийнхан ажлаа хийхгүй байгаа. Тиймээс нисэх буудлын барилгын ажил удааширч болзошгүй гэж үзээд тус компанитай байгуулсан гэрээгээ цуцална гэх яриа ч гарч буй гэсэн. Ямартай ч хоёр газарт “Эксковатор” зоочихоод ажлаа хийхгүй байна лээ. Уг нь тендерийн бичиг баримтад шаардсанаар бол 21 инженертэй байх ёстой юм билээ. Гэтэл “Ви Эйч энд Би” өөрөө үндсэндээ долоон ажилтантай гэсэн яриа энүүгээр сонсогдож байна” гэв.
Энэ бүгдээс үзэхэд тендерийн шаардлага хангаагүй компанийн ард Хөшгийн хөндийн нисэх буудлын төслийн томоохон албан тушаалтан, УИХ-ын гишүүд байгаа гэдэг нь ортой бололтой. Шаардлага хангаагүй компаниар ажил гүйцэтгүүлснээс болж, нисэх буудлын ажил хугацаандаа ашиглалтад орохгүй, чанаргүй барилга бариад усанд хаясан чулуу шиг алга болчихвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Ашиг сонирхлын зөрчил байгаа нь ойлгомжтой энэ асуудалд АТГ яагаад анхаарлаа хандуулахгүй, ус балгасан юм шиг чив чимээгүй сууна вэ.