
Өчигдөр буюу 6 сарын 16-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман сартай бяцхан хүү эмнэлгийн ажилтнуудын буруутай үйлдлээс болж хорвоог орхисон харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар анх хүүгийн эх болох Н.Цэрэнлхам ээжүүдийн цахим группт бичиж үлдээсэн байна. Тодруулбал, ханиад хүрлээ хэмээн Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүүд 11.30 орчим цагийн үед ампициллин, гентомицин гэх хоёр тариаг угсруулан тарьсан бөгөөд тарьж байх явцад хүүгийн биед цочрол өгч эхэлсэн байна. Н.Цэрэнлхам хүүд цочрол өгөөд байна гэхэд тариа хийж байсан сувилагч тоолгүй, үргэлжлүүлэн хийж дуусгажээ. Улмаар нэг их удалгүй хүү өөд болсон байна.
Хүүгээ алдсан эх цагдаагийн байгууллагад 6 сарын 16-ны 12.49 цагт дуудлага өгсөн бөгөөд одоо энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа юм байна.
Хүүгийн ээжтэй холбогдоход “Шүүх эмнэлэг рүү шилжүүлсэн ба задлан шинжилгээнд оруулж байгаа гэнэ. Ирэх даваа гаригт буюу 20-ны өдөр албан ёсоор олон нийтэд мэдэгдэнэ” гэлээ. Харин хүүгийн үхэлд сувилагч буруутай эсэх талаарх задлан шинжилгээний албан ёсны дүгнэлт 21 хоногийн дараа гардаг юм байна.