
Украин-Румыны хилийн “Дьяково” шалган нэвтрүүлэх цэг дээр Украины Аюулгүй байдлын албаны ажилтнууд хилчид болон гаалийнхантайгаа хамтран дипломат дугаартай машинаар их хэмжээний тамхи хууль бусаар хил давуулах гэсэн оролдлогыг таслан зогсоожээ. Энэ тухай тус албаны Закарпатск муж дахь удирдах газрын хэвлэлийн төлөөлөгч “Укринформ” агентлагт мэдээлсэн байна.
“Зургадугаар сарын 18-нд дипломат дугаартай микроавтобусны жолооч болон зорчигч дипломат ачаа тээвэрлэж яваа тухай баримт бичгийн хуулбарыг гаалийнханд үзүүлсэн байна. Уг ачаа ОХУ дахь Монгол ЭСЯ-наас Италийн Ром хотод очих ёстой. Баримт бичиг шаардлага хангахгүй, тэрчлэн тогтсон бус маршрутаар явж байсныг харгалзан хууль сахиулагчид нэгжлэг хийсэн” гэж мэдээлжээ. Ингээд Украин болон Беларусьт үйлдвэрлэсэн тамхи дотор нь хийсэн найман хэвлэх машин илрүүлсэн байна. Тус улсын хууль сахиулах байгууллагынхан гаалийн хууль зөрчсөн үндэслэлээр хэрэг бүртгэлт хийж байгаа бөгөөд тамхийг нь хураажээ.
Энэ талаар ГХЯ-ны эх сурвалж Москва дахь ЭСЯ-ныхнаас лавласан байна. ГХЯ-ны эх сурвалж “Москва дахь манай ЭСЯ-нд ийм маркийн тээврийн хэрэгсэл ашигладаггүй юм байна. Дипломат паспорт өвөртөлсөн наймаачид Европт олон байдаг шүү дээ” гэлээ.