
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын III бага хурал хоёр өдөр үргэлжлээд баасан гаригт өндөрлөсөн. Энэ өдөр уг арга хэмжээнд оролцож буй гадаадын төлөөлөгчдийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүлээн авч уулзсан байна. Тэрбээр Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд Монгол Улс хувь нэмрээ оруулахаар зорьж байгааг тэмдэглээд, улсын гадаад бодлогын асуудлаар төлөөлөгчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгчээ.
Гадаад хэргийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулсан дээрх арга хэмжээнд БНХАУ, ОХУ, БНАСАУ, БНСУ, Япон, АНУ, Герман, Энэтхэг, Их Британи, Австрали, Францын эрдэмтэн судлаачид, мөн НҮБ, Олон улсын Улаан загалмайн хороо, Фридрих Эбертийн сан зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид, мөн дотоодын төр, хувийн хэвшлийг төлөөлсөн нийт 150 гаруй төлөөлөгч оролцжээ.
Мөн энэ өдөр Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний стратегийн яриа хэлэлцээний хоёр дахь уулзалт болжээ. Энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Кун Сюанью нар албан ёсны хэлэлцээ хийсэн байна.