
Их дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 15-19-нд улс орон даяар зохион байгуулсан. Харин Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн шалгалтын хариу задарсан хэмээн "Шинэ зуун" бүрэн дунд сургуулийн математикийн багш Х.Сайнбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Тэрбээр 113 дугаар сургуулийн сурагч Г.Мандах, эцэг эхийн төлөөлөл болон Монголын сурагчдын холбооны төлөөлөлтэй хамтран дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Математикийн багш Х.Сайнбилэг " Энэ жил 37200 хүүхэд хувь заяагаа шийдэж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр ЭЕГ өгсөн. Харамсалтай нь Боловсролын үнэлгээний төвийн ажилтны хариуцлагагүй байдлаас болж шалтгалт эхлэхээс өмнө хариу задарсан гэж үзэж байна. Би жил бүр ЭЕШ-д хүүхдүүд бэлдэж оруулдаг бөгөөд энэ жил ч мөн адил шавь нараа бэлдсэн. Өмнөх жилүүдэд ЭЕШ-ын хариу задарсан гэх мэдээлэл тарж хүүхдүүдийн сэтгэл санааг үйлмүүлдэг байсанч багш хүний хувьд цуурхал хэмэээн шавь нартаа итгүүлж, худлаа хэмээн тайвшруулдаг байсан. Гэвч энэ жил 12 дугаар ангийн сурагчид маань шалгалт эхлэхээс өмнө ЭЕШ-ын хариу задарсныг надад хэлж фэйсбүүк хаягаар баар код явуулж намайг шалгаж өгөхийг хүссэн. Үүний дагуу би өөрөө ЭЕШ-д ирсэн материалын хариуг баар кодтой тааруулж үзэхэд таарч байсан юм. Түүнчлэн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн багш надад баримт дэлгэсэн. Тодрууллбал математикийн шалгалт эхлэхээс 15 минутын өмнө нэг шавь нь түүн рүү "багшаа энийг бодоод өгөөч" гэсэн мессеж фэйсбүүкээр илгээсэн байгаа юм. Тэрбээр шалгалтын дараа ирсэн материалыг харахад яг өөрийнх нь бодож өгсөн бодлогууд орж ирсэн" гэж хэлсэн" гэв.

113 дугаар сургуулийн Г.Мандахын хэлж буйгаар "ЭЕШ эхлэхээс өмнө баар код бүхий шалгалтын хариу шүү гэсэн мессеж манай ангийнханд ирсэн бөгөөд шалгалт өгөхөд хариу яг таарч байсан. Олон мянган үеийн найз нарын маань хөдөлмөр үгүй болсонд маш их харамсалтай байна. Манай ангийнханд химийн шалгалтны хариу ирсэн байсан. Тиймээс ЭЕШ-ын бүх хичээлийн хариу задарсан байж болзошгүй" гэв.
Тэд мэдээлэл хийснийхээ дараа Боловсролын үнэлгээний төвд мэдэгдэл хүргүүлнэ гэв.
Харин энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнээс тодруулахад "ЭЕШ-тай холбоотой буруу ташаа мэдээлэл цацаж байна. Бид шалгалтын хариу задарсан худалдаж авсан гэх мэдээлэл гарсны дагуу холбогдох цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийхийг хүссэн. Зарим нэг ашиг хонжоо хайгч этгээдүүд хүүхдийн сэтгэл зүйг ашиглаж амар хялбар аргаар мөнгө олох зорилготой төөрөгдүүлж байж болзошгүй. ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах, нууцлал алдагдах боломжгүй бөгөөд тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтарч тэдний хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг" гэлээ.
Бид "ЭЕШ-ын сэдэв, даалгаварын хариу задарсан уу" сэдвээр тусгай сурвалжлага хийх болно.