
Зургадугаар сарын 18-ны өглөө эрт Улаанбаатар хотын захад орших цэргийн баазад дөрөв дэх үеийн сөнөөгч “Су-27” нисэх онгоцуудын эхний хэсэг газарджээ. Тийнхүү дөрвөн “Су-27” Монголын Зэвсэгт хүчний эгнээнд орлоо гэж “Asia Russia Daily” цахим сэтгүүлд мэдээлжээ. Үүний сацуу Монгол Улс шинэ нисгэгчдээ бэлтгэсэн байна. Тэд ОХУ-ын нисэхийн сургууль төгссөн бөгөөд эдгээр онгоцыг “унаж” эх орондоо ирсэн тухай эх сурвалж бичсэн байна. Орост суралцсан Монголын цэргийн залуу алба хаагчид “МиГ-29” болон “Су-25” нисэх онгоцыг жолоодож сурсан гэнэ.
Тэрчлэн тус улс Америкийн “Lockheed Martin” компаниас цэрэг тээврийн “С-130” нисэх онгоц худалдан авч, Канадын “Alaska national guard”-ын мэргэжилтнүүдээс үйлчилгээний тусламж авах гэнэ. Үүний тулд ойрын хугацаанд Аляск руу Монголын дадлагажигчид явах гэж буй ажээ. Ийм нисэх онгоц тус улсад энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцоход хэрэгтэй байгаа юм. Тус улс төсвийнхөө 1.4 хувийг зэвсэгт хүчиндээ зориулж байна. 2015 оноос цэргийн техник худалдан авах нь нэмэгдэж магадгүй гэж Монголын Батлан хамгаалахын сайд хэлж байжээ. Өнөөгийн байдлаар ОХУ-ын БХЯ-ны цэргийн сургуулиудад Монголын цэргийн 200 гаруй алба хаагч суралцаж байна.
Дашрамд хэлэхэд, “Су-27” нь цаг агаарын ямар ч нөхцөлд нисэх чадвартай, Оросын дөрөв дэх үеийн сөнөөгч нисэх онгоц юм.
Энэ мэдээллийг манай ЗХЖШ-ын эх сурвалжаас тодруулахад “Су-27”-г хараахан хүлээж аваагүй, Налайх дахь аэродромоо бэлтгэсэн. Бас Америкийн компаниас хөнгөлөлттэй үнээр цэрэг тээврийн онгоц авахаар ярьж байгаа” гэлээ.