
Н.Ган-Одыг онгоцны буудлаас цагдаа нар авч явж, мэдүүлэг авсан талаар Н.Ган-Од өөрийн өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийлээ.
Н.Ган-Од: "энэ сарын 19-нд буюу өчигдөр миний бие "Чингис хаан" ОУ-ын нисэх буудалд нислэгээ хүлээн кафед сууж байх үед цагдаа нар ирж "Та яаралтай биднийг дагаж хэсэг дээр очиж мэдүүлэг өгөх шаардлагатай боллоо. Та очоод учрыг нь мэдээрэй" гэсэн. Би Солонгос улс руу эмчилгээнд явах гэж байсан учраас боломжгүй гэхэд "заавал очих ёстой, таны боломжтой үгүй хамаагүй" гэсэн. Олон хүмүүсийн дундуур цагдаа нарыг дагаад явах надад хүнд байсан. Ингээд Улсын Мөрдөн байцаах газрын онц, ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх газарт очиж, хоёр өрөөнд ээлжилж, надаас тодруулга авсан. Мэдээж хүн өргөдөл өгсний дагуу ажлаа хийж байгаа учраас цагдаагийн ажилтнуудыг буруутгахгүй. Харин ямар үндэслэлтэйгээр өргөдөл гаргасныг гайхаж байгаа. Би тэр бичлэгийг гэртээ, өөрийн камераар хийсэн. Бичлэгт хэн нэгний нэр заагаагүй. Монголчууд бүгдээрээ л цэнхэр хувцастай. Би ч гэсэн өрх толгойлсон эмэгтэй, Монгол Улсын иргэн учраас хүн байх эрхээ эдлэх эрхтэй. Тиймээс бичлэг хийсэн. Би өдийг хүртэл хэн ч биш явсан. Харин одоо хүний ёсоор сайхан амьдармаар байна. Намайг нийгэм даяар илтэд гадуурхаж, доромжилж байгаад дургүйцэж байна. Би хүнтэй суугаад, хүүхэд гаргах хүсэлтэй байхад, хүйсээр ялгаварлан гадуурхаж байгаад эмзэглэж байна. Харин нэр дэвшигч М.Нарантуяа нь OTV-ээр миний зургийг хараад, Н.Ган-Од Гамбууш гэж хэлээд намайг гутаан доромжилсон. Ганц телевиз биш сайтуудаар ч гэсэн гарсанд эмзэглэж байна.Би нэр төрөө сэргээлгэхийн тулд цаашид явах болно" гэлээ.
Харин түүний өмгөөлөгч Д.Содномдорж ""2016 оны зургаадугаар сарын 10-ны өдөр М.Нарантуяа нь OTV-д ярилцлана өгөх үеэрээ "Би Гамбууш гэдэг хүнийг зэмлэхгүй. Харин би энэ хүнийг өрөвдөж байна. Энэ хүн насаараа хэцүү нийгэмд амьдрах гэж зовсон. Гадуурхагдаж, зодуулж явсан. Одоо 60 насыг зооглож байгаа. Гэхдээ эх хүн байх зовлонг байгалиараа мэдэхгүй учраас хэдэн төгрөгөөр худалдагдсан. Хэрвээ эмэгтэй хүн байж үзсэн бол эмэгтэй хүнийг зовлонг ойлгох байсан. Цаанаасаа зохиомж өгсөн хүмүүс нь амьдралд хэрэг болохуйц орон байраар хангаж өгсөн" гэж ярьсан. Гэхдээ эх хүн байх зовлонг байгалиараа мэдэхгүй учраас хэдэн төгрөгөөр худалдагдсан. Хэрвээ эмэгтэй хүн байж үзсэн бол эмэгтэй хүнийг зовлонг ойлгох байсан. Цаанаасаа зохиомж өгсөн хүмүүс нь амьдралд хэрэг болохуйц орон байраар хангаж өгсөн" гэж ярьсан. Энэ нь Н.Ган-одыг илт басамжилж, одоог хүртэл үр хүүхэдтэй болохыг хүсдэг хүсэл мөрөөдөлд ус цацсан. Тиймээс М.Нарантуяа, OTV-ын сэтгүүлч М.Орхон нарыг эрүүгийн хуулийн 111-р зүйл, Монгол Улсын үндсэн хуулийн 16.16-т заасан эрхийг ноцтой зөрчсөн. Н.Ган-Одын бичлэгийг М.Нарантуяа нь өөртэйгөө холбон ойлгож, гүтгэн доромжилж байна.
Тэд Н.Ган-Одын нэр төрийг сэргээхийн тулд OTV-г Иргэний эрхийн шүүхэд өгөхөөр нэхэмжлэлээ өнөөдөр өгч, НҮБ-ын дэргэдэх Хүний эрхийн олон улсын байгууллагад өргөдөл гаргасан гэнэ.. Яагаад гэвэл Н.Ган-Од шиг эмэгтэй хүн болох сонирхолтой олон мянган хүмүүсийг доромжилж байгаа учраас тэр аж.