
Хан-Уул дүүргийн нутаг, Туул голын эрэг дээр энэ сарын 17-ны баасан гаригт буун дуу гарсныг цагдаагийнхан ихэд нууцалж байна. Тэр орчимд байсан иргэд “Нэг согтуу эр цагдаа, цэргийнхний албан хэрэгцээнд ашигладаг “Макаров” маркийн гар буугаар нэлээд хэдэн удаа буудаж, тэнд явж байсан хүмүүсийг айлгасан. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд ирж, танхайрсан эрийг авч явсан.
Гэр бүлийнхэнтэйгээ зугаалж цэнгэж байхдаа л согтож, орчиндоо айдас төрүүлсэн байх” гэж ярьсан юм. Хууль сахиулах байгууллагын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн уг мэдээллийн дагуу шалгаж, танхайрсан этгээдийг саатуулсан ч тэгсхийгээд явуулсан байна. Тэр буудаж танхайрсан хүн нь “Доён” гэж алдаршсан, өмнө нь нэг бус удаа хэрэгт холбогдож байсан У.Болд гэдэг хүн байсан.
Байлдааны “Макаров” буугаар 10 гаруй удаа буудсан гэсэн мэдээллийн дагуу уг нь цагдаагийн алба хаагчид очиж хэлтэстээ аваачсан ч саатуулах нь бүү хэл, эрүүлжүүлээгүй явуулсан байна лээ” гэв. Өмнө нь “Центрпоинт”-ын хэрэг, Гүнтийн буудалцаан зэрэг олон хэрэгт шалгуулж явсан У.Болд зөвхөн цэрэг, цагдаагийн байгууллагын хэрэгцээнд ашиглагддаг байлдааны галт зэвсгийг хэрхэн олж авсан нь тодорхойгүй, ийм буу эзэмших зөвшөөрөл байдаг, эсэх нь ч анхаарал татаж буй юм.
Хамгийн гол нь ард иргэдийг айдаст автуулан, 10 гаруй удаа буудаж танхайрсан хэргийг иргэдийн амгалан тайван байдлын төлөө ажилладаг цагдаагийн байгууллагынхан яагаад нууцлав аа. ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нар энэ асуудлыг анхааралдаа авч шалгахгүй бол галт зэвсэг хэрэглэн иргэдийг айдаст автуулсан үйлдэл дахиад гарахгүй гэх баталгаа алга.