
Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Говь-Алтай аймагт МАХН-аас нэр дэвшигч Н.Бүргэдааг жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа.
Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн 70.1 дэх заалт болон шүүхийн шийдвэрийг үндэслэжээ. Уг заалтын дагуу ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө эд зүйл тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт болон тааварт, бооцоот тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглож буй.
Одоо тус тойрогт МАН, АН-аас болон бие даан нэр дэвшсэн таван хүн өрсөлдөх нь.