
УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, "М-Си-Эс" группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очирын хүсэлтээр "Hero entertainment"-ийн үйл ажиллагааг зогсоож, цагдаагийнхан шалгалт хийхээр завдсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр “HERO” энтертайнментийн зүгээс MN мэдээллийн төвд албан ёсны мэдээлэл хийлээ. “HERO” энтертайнментийн туслах найруулагч Ц.Мөнх-Очирийн хэлснээр “6 сарын 24-ний 20.00 цагийн үед ахлах мөрдөн байцаагч, хошууч С.Солонго энгийн хувцасласан залуустай хамт энтертайнментийн байран дээр ирж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст 6 сарын 24-ний өдөр МАН-аас УИХ-д нэр дэвшигч Л.Элдэв-Очирын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, сонгогчдын санал өгөхөд нөлөөлөх зорилгоор “HERO” энтертайнментийн зүгээс зохион байгуулалттай зохиомол бичлэг бүхий мэдээллийг бэлтгэн телевизээр гаргах гэж байгаа гомдол ирсний дагуу мэдэгдэл хүргүүлж байна гэсэн аж. Бид ч мэдэгдлийг хүлээж аваад гарын үсгээ зураад явуулсан. Гэтэл удалгүй орж ирээд та бүхэн мэдэгдлийг хүлээж авсан учир захиргааны холбогдолтой үзлэг хийнэ гэсэн. Студийн бүх компьютерийн мэдээлэлтэй танилцана гэсэн хэдий ч ямар ч үзлэг, нэгжлэг хийх бичиггүй байсан учраас бид үзлэг хийхийг зөвшөөрөөгүй. Студийн компьютерт нийт 10 гаруй нэр дэвшигчийн хар материал байгаа. Тэр бүгд алдагдвал хэн хариуцлага хүлээх вэ. Тиймээс бид цагдаагийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй байгаа. Хэрэв прокурорын газраас албан ёсны нэгжлэг хийх зөвшөөрөл авчирвал бид үзүүлнэ. Үүний дараа бид ажлаа хийхээр студи руугаа орох гэтэл цагдаагийнхан ирээд хамгаалалтад авчихсан. Одоог хүртэл орж чадахгүй байна.
Дараа нь манай энтертайнментийн найруулагч Б.Баатартай хошууч С.Солонго ганцаарчилж уулзах хэрэгтэй байна гээд 6 сарын 25-ны үүрийн 04.00 цагийн орчимд дуудуулсан. Б.Баатар найруулагч ч дуудлагын дагуу очихоор явсан. Гэтэл үүнээс хойш Б.Баатар найруулагч сураггүй болж, бид холбоо барьж чадахгүй байгаа. С.Солонго хошуучаас асуухад “Манайх дээр ирээгүй” гэх хариуг өгсөн” гэлээ.
Мөн “Манай студитэй нам харгалзахгүйгээр 15-16 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа хийлгэхээр гэрээ байгуулсан. Тэдний бүх ажиллагааг зогсоох зорилготой явуулга хийж байна гэж бодож байна” гэсэн юм.