
УИХ-ын есдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Элдэв-Очирын хуулийн зөвлөх Л.Алтангэрэл Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст энэ сарын 24-нд гомдол гаргажээ. Уг гомдолд “Нэр дэвшигч Л.Элдэв-Очирын талаар үндэслэлгүй, зохиомол мэдээлэл бэлтгэн, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацах гэж байгаа тул үүнийг таслан зогсоож, урьдчилан сэргийлж өгнө үү” гэжээ.
Гомдлыг шалгаж буй ахлах мөрдөн байцаагч, хошууч С.Солонго “Херо” энтертайнмент студийн байранд үзлэг хийх, захирал Б.Баатараас тайлбар авахаар утсаар холбогдсон аж. 20.00 цагийн үед түүнтэй ярихад “Би Баянхонгор аймагт ажилтай явж байна. Одоо очих боломжгүй” гэсэн байна. Албан хаагчид хуулиар олгосон эрх үүргийнхээ дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тус студид үзлэг хийх хүсэлтээ тэнд байсан зургийн дарга Лхагвасүрэн, Мөнх-Очир нарт гаргажээ. Лхагвасүрэн “Хуулийн зөвлөх Чулуунбатыг ирэхээр үзлэг хийлгэж, тайлбар өгнө” гэж цагдаа нарт мэдэгдсэн байна.
23.00 цагийн үед ирсэн хуулийн зөвлөх Чулуунбат нь “Манай студид олон хүний нэвтрүүлэг, телевизийн сурталчилгаа, мэдээллүүд бий. Тэдгээр хүнтэй холбогдож, зөвшөөрөл авсны дараа үзлэг хийлгэе” гэсэн хүсэлт гаргажээ. Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар “Манай албан хаагчийг “Херо” энтертайнмент студийн захирал Б.Баатартай 20.00 цагт утсаар холбогдоход Баянхонгорт явж байна гэчихээд, 01.00 цагт студидээ нэр бүхий телевизүүд болон өөр олон хүн дагуулан ирсэн.
Ирээд ямар нэг үзлэг, шалгалт, хийлгэхгүй, тайлбар ч өгөхгүй гэсэн. Түүнийг нь цагдаагийн байгууллага баримтжуулан авсан. Шаардлагатай бол үзүүлнэ. Бид үзлэг хийхийн тулд хүчээр ороогүй, Б.Баатар захирлын эрхийг хязгаарлаж, саатуулаагүй. Түүний зүгээс тавьсан бүх хүсэлт, шаардлагыг бид биелүүлж, өөрөө ирж, тайлбар өгөхийг нь одоо болтол хүлээж байна.
Б.Баатар захирал энэ сарын 24-25-нд шилжих шөнийн 04.00 цагт хошууч С.Солонго руу залгаж, “Би өмгөөлөгч, хуулийн зөвлөхтэйгөө очиж тайлбар өгье” гэж хэлчихээд одоо болтол ирээгүй байна. Хэд хэдэн удаа гар утас руу нь залгасан ч холбогдож чадаагүй” гэж ярив.
Дашрамд дурдахад, тус Цагдаагийн хэлтэс өнөөдрийн байдлаар сонгуультай холбоотой 60 орчим гомдол, мэдээлэл шалгаж байгаа аж.