
Намдаа үл итгэгчид, намдаа цөхрөгсөд, ямар ч намыг үл тоогчид дуулж байгтун!
Та бид Намгүйчүүдийн нам, хамгийн аугаа их Ард түмэн хэмээх нам билээ. Энэ намд тамга тэмдэг, удирдах зөвлөл, гишүүнчлэл байхгүй ч аль ч намын хэн ч чөлөөтэй элсэж болдог хамгийн нээлттэй, эмх замбараатай, шударга учраас хамгийн хүчирхэг улс төрийн хүчин үүнээс өөр хаана ч байхгүй. Та нар минь уншигтун, сонсогтун, нэгэндээ дамжуулагтун!
Ардчилал бол та бидний тархийг угаадаг фейри бишээ. Харин сайн төр засгийг бүтээх, сэтгэлийн гүндээ тээж явдаг бидний итгэл найдвар юм. Тэрхүү итгэл найдвараа аргадан сэрээгтүн! Намуудын бидэнд тулгасан хувилбаруудын өмнө бид зогсож байна. Маргааш, нөгөөдөр гэхэд 2016 оны сонгуулиа өгнө, сонгуульдаа явцгаая, бид эс явбал бидний саналыг хулгайлах тул мутрын хээгээ дарж эрх мэдлийн төлөөх хулгайн орон зайг бөглөцгөөе, сонгуульдаа заавал оролцоцгооё!
Сүүлийн гуч шахам жил төр засгийн эрхийг барьж бидний болон хойч үеийн маань баялгийг хуваарилан тараахдаа өрмийг өөрсдөө цөлмөж, хусмыг нь илүүчлэн шидэж байсан МАН-АН хэмээх мананд бүү төөрөгтүн! Авилга хээл хахуулийн мастерууд, төсвийн хөрөнгийн гаршсан хулгайчид, газрын наймаагаaр цадагчид, төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлж зарагсад, үе удмаараа оффшор данснаас мэлзэгсэд... ганцхан энэ өдөр л биднийг царайчлан “Намайг сонгоод өгөөч” хэмээн уйлан дуугарч байна, болгоомжлогтун! бүү өрөвдөгтүн!
Монголчууд бидний намчирхаг, нутаг жалгархаг, өрөвч хүлцэнгүй дэндэж олон жил бидэнд тусаа өгсөнгүй. Их төрийг байгуулахад жижиг эрх ашгаас татгалзаж сурах хэрэгтэй юм байна. "Манай нам юмдаа" гээд хэн ч мэдэхгүй танихгүй, та өөрөө ч танихгүй, та нарт танигдатлаа сайн үйлсийг бүтээгээгүй, зүгээр л нэг улс төрийн жулдрайг бүү сонгоорой. Улс төрийн жулдрай бүү хэл нэр цууд гарсан төрийн хулгайчийг хүртэл намчирхаад дэмждэг тал бий шүү. Нөгөө нэр дэвшигч нь хийсэн юмтай хэлэх үгтэй бол өөр намынх ч бай түүнд итгэлийн гараа сунгаарай. Яг л үүнтэй адил, Увсын тойрогт үзэлцэж байгаа Өмнөговийн ч юм уу залууг бүү нутаг усаар нь хажиглаарай, эвтэй байгтун, өргөн Монгол эх орны элэг нэгтнүүдээ!
МАН-АН яг л манан будан шиг нэг хөвсийж нэг хүдэнтэж үе үе дүрээ л өөрчлөхөөс бус, мөн чанараа өөрчлөхгүй ээ. Тэд залуу боловсон хүчнээр сэлбэж, хэцэн дээрх даавуун дээр шинэ царай дэрвэж байвч тэр залуу гээд байгаа нь ямар хөгшин, ялзарсан муухай бодолтой байж болохыг анхаараарай. Аливаа сонгууль ямар нэг хэмжээгээр улс төрийн шинэтгэл байдаг. Харин энэ удаад зуун хувийн шинэчлэл хийж ёстой чадахгүй. Энэ бол та бидний буруу биш. Эрх баригч намуудын 30+30+16 гэж тооцоолсон хувилбар аль хэдийн олон нийтэд ил болсон. Энэ хувилбараар мадлуулахгүй, харин сөрцгөөе! АН- ын 30 суудал, МАН-ын 30 суудал, бусад жижиг нам бие даагчидын 16 суудал орвол орно биз, хоёр нам нийлээд төр барьчихна гэж тооцоолсон. Ийм сэдлээр бүх тойрогтоо тэнцвэртэй тэнцвэргүй, эс бөгөөс хоёр лидерийн аль нэг нь нам унах тактикаар өрсөлдөгчдөө зоосон. Жишээ нь: Төв аймагт МАН-аас А.Сүхбат аварга, Ардчилсан намаас ёстой чухам хэн ч мэдэхгүй нэг хүүхэн байх жишээний. Гэтэл хотод З.Энхболд, Д.Лүндээжанцан хоёр өөд өөдөөсөө тулж байна. Манан дундаас цөөхөн од бүдэгхэн гэрэлтэж харагддаг шиг МАН-АН-ын нэр дэвшигчдээс аль олигтойг нь сорчлон түүх ч сөхөөтэй байдаг юм шүү. Хатгасан өргөсийг нь тасдаж хаяхдаа хажуугийнх нь өвсийг бүү зулгаа, миний хүү! гэж эдүгээ 70 гарсан Ардын найрагч аав минь захисан юм. Гэмтнийг гэсгээхдээ гэмгүйг давхар хэлмэгдүүлж болохгүйг сэрэмжлүүлсэн юм. Миний аав бас л “Ард түмэн” хэмээх энэхүү намын жирийн бус атлаа эгэл гишүүн, Монгол төрөө босгох гэж насаараа зүтгэж, цагийн цөвүүнийг сөрж ил над шиг уурлахгүй ч далдуур уйлж л яваа төрийн хар өвгөн билээ! Олон жил парламентад сууж болд шиг эс гэхэд борц шиг хатаагдсан Ц.Нямдорж, Д,Лүндээжанцан, Р.Гончигдорж нарын хашир хуульчдаа тэтгэвэрт бүү илгээгээрэй. УИХ-ын эцсийн бүтээгдэхүүн хууль гэдгийг санацгаая! Эд наргүй бол “Шинэковууд” хуулийн А,Б үсгээ нүдлэх гэсээр 4 жил хоосон өнгөрчихнө.
2015 оны 12-р сарын 25 нд Монгол улсад нэгэн аймшигтай харгис хууль санаатайгаар үйлдвэрлэгдсэний гол буруутнуудад сонгуулиараа гэм зэмийг нь хүлээлгэвэл бас ямар вэ? З.Энхболд тэргүүтэй, Р.Бурмаа нарын гүйцэтгэгчтэй, бүх 76 "дурак" эс анзаарагчин болж баталсан "Сонгуулийн тухай шинэ хууль" Монголын хуулийн эмгэнэлт хуудас юм. Бид сонгуулийн яг л энэ өдрүүдэд горыг нь амсаад эхэлсэн. Цаашид улам аймшигтай амсах биш, бүр идэж уух болно. Энэ хуулинд төрийн албан хаагч, төрийн албаны удирдах албан тушаалтнууд сонгуульд дэвших эрхээ хязгаарлуулж сурталчилгаанд оролцохямар ч ч эрх мэдэлгүй болцорсон. Зөвхөн улс төрчид, тухайн үедээ эрх мэдэл атгаж байгаа "новш ч" хамаагүй, энэ хуулийн хамгаалалтад орсон, дахин сонгогдох магадлал нь өндөрссөн юм.
Зөвхөн төрийн албаны удирдах албан тушаалтан гэхэд 150 мянга гаруй иргэн салбараа, аж ахуй, захирах захирагдах төрт ёсоо мэддэг, улс төржихөөс илүүтэй улс орноо авч яваа тэргүүний сэхээтнүүд байгаа. Тэд сонгуульд дэвших нь бүү хэл, сурталчилгаанд оролцож үзэл бодлоо илэрхийлж чадсангүй. Сонгуулийн хууль ийм байлаа. Сэхээтний улс төрийн хэлмэгдлийн хамгийн ноцтой далд хэлбэр чимээгүй хэрэгжиж байна. Сонгуулийн сурталчилгааны энэ үед эрх баригч намуудын утсан хүүхэлдэйнүүдийг хүлээж авахгүйгээ учирлаж, тэдний талаар баримт нотолгоо гаргаж ирснийг гүтгэсэн доромжилсон, сонгуульд нөлөөлсөн хэмээн зүйл анги үүсгэхэд бэлэн, цагдаа нараар хүч далайлган үзлэг нэгжлэгийг хавтгайруулан, монгол хүний нэгэндээ итгэх итгэлийг царцааж байна. Нэгнээ хардах сэрдэх, тагнах чагнах, матах олих, 1930-аад оны хэлмэгдүүллийн уур амьсгал хүмүүсийг айдаст автуулж, үзэл бодлоо ил тодоор чөлөөтэй илэрхийлэх орон зай хомс байна. Сонгуулийн хуулиараа шударга үнэнийг боогдуулж, луйварчныг луйварчин, адгийн шаарыг адгийн шаар хэмээн ил тод, баримтаар хэлж чадах сэтгүүлчдийг захиалгат гүтгэлэг хэмээн олныг төөрөгдүүлэх хандлага газар авч байна. Улс төрчид болон хар масс гэх хоёрхон давхарга дундаа ямар ч жийрэггүй, шүүлтүүргүй, хяхтнан чахарч, бохир улс төрөөр ард түмнээ угааж байгаа нь энэ хоёр давхаргын дундах гүүр болдог төрийн албан хаагчид, төсвийн ажилчид хэмээх боддог сэтгэдэг давхаргыг Сонгуулийн хуулиараа ор тас үгүйсгэсний балаг юм. Эрх баригчидтай мөр зэрэгцэн тэднийг өөгшүүлэн дэмждэг, хулгайд татагдан орох магадлалтай этгээдүүд, үг дуулгавартай дагагсад, алаг туг барин гарч ирцгээлээ. Харьцангүй шударга улс нэр дэвшвэл эрх баригчидтай нийлж хулгай хийхгүй, бариад өгчих байх гэж дотуур тамирласан нь нэр дэвшилтээс тодорхой харагдсан.
Сонгуулийн хуулийн бүх заалт нь улс төрчдөд ашигтай, нийт ард иргэдийн эрх ашгийг зөрчсөн хууль болсныг олон улсын нэр хүнд бүхий хуулийн мониторинг, шинжээч байгууллагууд баталж, Ийгл телевиз мэдээллээ.
Төр шашин хоёр
Энэ хойт хоёр
Эцэг эх гэдэгсэн билээ.
Төр эцэг, эх шашин хоёрын номт ёсны барилдлага завхарсан, ард түмэн өнчирсөн энэ үед Бурханы шашинтны төвийн их хамба Д.Чойжамц зүгээр л нэг гудамжны Баагий шиг, УИХ-ын сонгуульд ямар ч нэр нөлөөгүй болсон тухайгаа сонгууль эхлэхийн урд өдөр хамаг лам хуврагуудаа төлөөлөн СЕХ, Монгол улсын шүүхэд өөрийн гараар захидал бичиж биеэр хүргэж өгсөн байдаг. Энэ захидлын агуулга нь “...Та нар 1930-аад онд улс орныхоо хамгийн тэргүүний оюун ухаан болсон лам нарыг цаазлан хороосон. 1990 оны ардчиллаар лам хүн сонгох сонгогдох эрх эдэлж нар нь гарсан. Энэ нар далд орлоо, Ардчилал ухарлаа. Будангуй цаг эхэлж байна уу? Оюуны тосолгоо, сэтгэлийн шим болсон шашин маань гадуурхагдаж, лам хүн сонгуулийн сурталчилгаанд оролцох эрхгүй гэсэн заалтаар чинь төрдөө ганц сан тавиад өгөх эрхгүй боллоо. Харин язгуур биш, гадаадын шашныхан ямар ч хориг эдлээгүй учраас “мөнх эцэг”Есүсийн заавар, Мүүний тааллаар Монгол төр тогтнож болно гэдэгт чиглүүлсэн хууль болсныг “Би үгүй” сэтгэлийн агаараар тэрбээр эсэргүүцэхчээ болсон юм.
Сонор сэрэмжтэй байгтун! гэж хашгираад байхад ч унтаж, дүлийрээд байдаг шүү, Ард түмэн намынхаан! Та нарын төлөө хашгирах бүү хэл халуун амиа золиосолсон эх оронч хөвгүүдохидынхоо үзэл санааг хөсөрдүүлэн умартаж, хэдэн халтар төгрөг, ялимгүй эрх мэдлийн төлөө ардчиллын хамгийн үнэт зүйл болсон сонголтын эрхээ худалддаг тал бий шүү, битгий тэгээрэй! Иргэн та өөрийнхөө үзэл санааг худалдаад эхэлбэл тусгаар тогтнол алдагддаг.
Хэн нэг нь, зарим цөөнх нь намайг аль нэг бусад жижиг намын захиалгаар үүнийг бичлээ гэж бүү хардаарай. Монгол улсад олон намт тогтолцоо бий болоод 30 шахам жил болж байгаа ч нэг л эв гавандаа орж өгөхгүй байгааг та бид бүгдээрээ мэдэрч байна. МАН, АН, МАХН, ТТН, бусад намууд болон бие даан нэр дэвшигчдээс хамгийн олигтойг нь, олныхоо төлөө сэтгэлтэйг ньдотоод зөн билгээ шавхан байж, түүж сонгоход ганцхан хоног үлдлээ. Улс төрчдөд уцаарлаж бухимдаад, завгүйдээ залхуураад уншаагүй олон эрээн цаас сурталчилгааг гэрийнхээ хаа нэгтээгээс олоодуншиж танилцан, зөв хүнээ сонгоорой!
“Болнодоо болно хоёулаа” гэж С.Жавхлан дуулдаг. Тэр ч бас нэр дэвшсэн. Цагаан морь хөлөглөн Баянзүрх уулын ар өврөөр сонгуулийн сурталчилгаа хийж яваа түүнийг би л лав дэмжиж байна. Борчуул голдуу үзэгчид олноо “Болнодоо болно” гэж тайтгаруулсан уран бүтээлчийн халуун зүрх цагийн цэвдгийг хайлуулахад тус нэмэр болоосой. Уг нь бол надаар хилэнгийн шүлэг бичүүлж чадсан Н.Энхбаяр саявтархан ард түмнээсээ чин сэтгэлийн уучлалт гуйж өр зөөллөсний хажуугаар түүний МАХН-аас Ц.Лхагвасүрэн хэмээх, эрүүл мэндийн салбарын чадамгай менежер нэр дэвшихэд би яаж дэмжихгүй байж чадах билээ. МАН-аас нэр дэвшсэн А.Ундраа, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн боловсролтойбүсгүй төрийн тогтолцоог шинэчлэхэд намынхаа дотоод ардчиллыг үүсгэхээс ажлын гараагаа эхлээсэй. Боловсролын салбарыг эзэнтэй болгосон Л.Гантөмөр сайд,өнгөрөгч парламентын хамгийн боловсролтой бүсгүй М.Батчимэг нар дахин сонгогдоосой! Хотын төвийн дүүргээс бие дааж нэр дэвшсэн С.Нармандахын,шилдэг хуульч С.Нарангэрэл ахынх шиг ньтархины багтаамжийг төр ашиглаасай... Говь-Алтайд бие даан нэр дэвшсэн сэтгүүлч Б.Наминчимэд, Баянхонгорын нэг тойрогт эгээтэй л хүлэг баатрууд шиг “дайтаж” байгаа Х.Баттулга, Л.Элдэв-Очир нар “Хоёулаа миний хүү” гэгчээр, хоёулаа гараад ирээсэй!гэмээр, монголын төрд хэрэгтэй л хөвгүүд юмсан. Өөр тойргийн аль нэг сул дэвшигчийг зайлуулаад тойргийг нь өгчихмөөр хүртэл хайран санагдах юм. Улс төр, бизнес нэг хөнжилд орсны гайгаар нэгэн үеийнхний эв хагарах, эв нэгдэл доройтох үр үндэс соёолж, хэзээ мөхөж дуусах юм болоо...?Нийгэм капиталаар биш, оюуны баялгаар давхрааждаг болсон тэр ирээдүй цагийн Монголд л ажил хөдөлмөр, эрдэм боловсрол үнэд орж ёс суртахуун хүний жудаг... гээд сайн сайхан бүхэн биелэлээ олох тэр цаг болтол тэсэцгээе!
Ард түмэн намынхаан, тэр цаг болтол эв нэгдэлтэй байгтун! Сонгуульдаа сонор сэрэмжтэй оролцогтун! Та нар минь чадна. 90-ээд онд бид өөрсдөө бүхнийг чадсан. Хоосон лангуунуудаа ганзагын наймаачид маань дүүргэж, хотлоороо цуглаж өндөр бурханаа бүтээж, хэдэн мянга, магадгүй хэдэн сая тарвага хүртэл амиа өргөж монголчууд биднээ тэжээсэн.Ямар ч Жасрай, Бямбасүрэн, Очирбат, Багабанди, Энхбаяр, Элбэгдоржоос илүүтэйгээр ард түмэн өөрөө төрөө залж, гэрийнхээ бүрээсийг цагаалж, эх орон маань өнөөдөрт хүрсэн. Тэр ядуу татуу үед бидэнд сэтгэл гэж нэг юм байлаа. Сэтгэлээ сэрээж төрийнхөө сонгуульд оролцоцгооё!
Намайг бичиж дуусахад үүр цайж байна. Одоо би үүнийгээ аль хүлээж авна гэсэн сайтуудад тавина. Хяналт, хардлага сэрдлэг хэрээс хэтэрсэн гээд сэтгүүлчид маань болгоомжилж байгаа. Гэсэн ч энэ үг манай намынханд, АРД ТҮМЭН гэдэг аугаа их дийлдэшгүй намынханд цаасан шувуу шиг хүрэх болно. Гэгээ орох болтугай!
Цоодолын Хулан