
Богд хан уулын Зайсан-Баруунширээт чиглэлийн аяллын замыг тохижуулж эхэллээ. 3.6 км урттай энэ замаар өдөрт дунджаар 1000 гаруй хүн явган алхдаг аж. Тиймээс зам дагуу тэмдэг тэмдэглэгээ тавьж, түр амрах цэг байгуулан, түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудын тайлбар бүхий самбар байрлуулан, бартаа ихтэй зарим хэсгийг хашин, гүүр тавьж байна. Энэ ажил долдугаар сар гэхэд дуусна.
Ингэснээр байгаль орчинд учрах сөрөг нөлөөг багасгахаас гадна аялагчдын аюулгүй байдлыг ханган, тав тухтай аялах нөхцөл бүрдүүлнэ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан үзжээ. Өнгөрсөн жил Богд хан уул, Горхи-Тэрэлжийн бүсэд аялагч, жуулчид төөрснөөс болоод 300 гаруй удаа эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан аж.