
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа сэргээшийн асуудлаас болж, олимпийн эрхээ хураалгасан юм.
Тэгвэл Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо, Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ түүний олимпийн эрхийг сэргээхээр болсон талаар таатай мэдээ ирлээ. Энэ талаар албан ёсны хариу хараахан гараагүй байгаа ч тун удахгүй ДНБХ, WADA-гаас Монголын чөлөөт бөхийн холбоонд албан ёсны хариу өгөх аж. WADA-гаас 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл тамирчдын допингийн шинжилгээгээр мельдоны бага хэмжээгээр илэрсэн бол хэвийн гэж зөвшөөрлөө. Тэр хугацаанаас хойш допингийн шинжилгээгээр мельдоны илэрвэл тухайн тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасна.” гэж тус агентлагийн хэвлэлийн албанаас тараасан мэдээлэлд дурджээ.
Тодруулбал, WADA-гаас 2015 оны есдүгээр сарын 29-ний өдөр мельдонийг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хориотой эм, эмийн бэлдмэлийн жагсаалтанд оруулсан юм. Гэхдээ WADA-гийн зүгээс мельдоны тамирчны биеэс гадагшлах хугацааны шинжилгээг дахин хийж 2016 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар тухайн тамирчны бие бялдар дахь мельдоны хэмжээ 5 микрограммаас хэтрээгүй бол түүнийг хариуцлагаас чөлөөлнө гэсэн шийдвэрийг энэ оны дөрөвдүгээр сард гаргаж байсан юм.
Харин энэ удаа 2016 оны гуравдугаар сарын 1-нээс мөн оны 10 дугаар сарын 1-ний хооронд авсан допингийн шинжилгээгээр 1 микрограмм мельдоны илэрсэн бол тухайн тамирчдын тэмцээнд оролцох эрхийг хасахгүй, энэ хугацаанаас хойш мельдоны хэрэглэсэн бол хориотой эмийн бэлдмэл хэрэглэсэн гэж үзнэ гэсэн шийдвэрийг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар мельдоны илэрсэн тамирчдын тоо бараг 300-д хүрээд байгаа юм.
Дашрамд дуулгахад, Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Э.Сумъяа олимпийн эрхээ хураалгасных нь дараа МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх “WADA 1-1.5 микрограмм мельдониум хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн. Э.Сумъяа 0.7 микрограмм мельдониум хэрэглэсэн учраас тунг нь хэтрүүлээгүй гэсэн үг. Гэтэл эрхийг нь хураачихлаа. Бид ДБНХ-ны удирдлагуудад даруй албан бичиг илгээнэ” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байсан юм.