
Монголчууд сонголтоо хийлээ. Бас олон хүний оффшор амьдрал ил болов. Иргэний үүргээ биелүүлж, төр улсаа эмхлэхэд хувь нэмрээ оруулахаар би сонгуулийн хэсгийн хороо орлоо. Гэтэл 53 настай Эрдэнэцэцэг, үгүй ээ Эрдэнэчимэг гэл үү нэг эмэгтэй аавтай минь хамт амьдардаг болж таарав.
Сонгогчдын нэрсийн жагсаалтаас тэр нь тодорхой болсон юм. Би төрсөн эхээсээ гадна оффшор ээжтэй болсноо мэдээд гайхсан. Надаас илүүтэй олон жил ганцаар амьдарсан аав минь бүр балмагдав. Тэрбээр хэзээ шинэ “хань”-тай болсноо ч мэдээгүй явжээ.
Хамаатны эгчийн маань оффшор амьдрал ч мөн энэ үеэр илэрч, элэг бүтэн гэр бүл салж сарнихдаа тулсан гэнэ. Сонгуулийн өдөр эгч саналаа өгөхөөр очоод нуусан “данс” нь мэдэгдэж, нөхөр нь эхнэрээ хардах уу, бүртгэлийн ажилтанд гомдох уу гэдгээ мэдэхгүй, бөөн үймээн болжээ. Бүр эгчийг минь олигтойхон нууж чадахгүй бол яах гэж “оффшорддог” юм, хохь чинь гэж хорооны ажилтан загнасан байна лээ.
Чингэлтэй дүүргийн дугаар хорооны иргэн н.Цэрэнбат эхнэр, хүү, охины хамт амьдардаг. Өнгөрсөн хавар болсон цэрэг татлагын үеэр тэднийд хоёр хүний зарлан дуудах иржээ. Тухайн үед хорооны ажилтан “андуурчээ” гээд тоолгүй өнгөрсөн гэнэ. Гэтэл сонгуулийн өдөр тэрбээр нэг биш хоёрын зэрэг хүүтэй болохоо мэджээ.
Энэ удаагийн сонгууль ийнхүү олон хүний оффшор амьдралыг илчиллээ. Ёстой л даравч далдайж, булавч бултайлаа, хөөрхий. Тоо худал хэлдэггүй гэдэг шиг яаж ч оффшордоод, бүртгэлээс гараад л ирж байгаа юм. Одоо энэ олон оффшорчдын хувь заяа яаж эргэх бол. Уг нь гүндүүгүй зарим нь хүнд хүн илүүддэггүй юм гээд ам бүлийн тоогоо нэмж, гэр бүлээрээ албан ёсоор оффшор бүсээс гарах шийдвэрт хүрч байгаа гэнэ.
Харин зарим нь эхнэр, эсвэл нөхрийнхөө итгэл эвдсэн ийм явдалтай хэрхэвч эвлэрч чадахгүй гээд шүүхэд хандахаар болж байгаа юм байх. Сонгууль яах вэ, болдгоороо болоод л өнгөрлөө. Харин ардаа бөөн хэрүүл, маргаан үлдээх нь ээ. Өрх болгон, хүүхэд бүр элэг бүтэн байгаасай даа.