
Манай улсад энэ сарын 15-16-нд болох АСEМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд нийгмийн салбар бүрийг хамарсан есөн цуврал арга хэмжээ болно. Тэдгээрийн нэг нь Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт юм. Энэ талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өчигдөр мэдээлэл хийв.
Монгол Улсын Засгийн газар, Ази, Европын сан, ХБНГУ-ын Конрод Аденоур Стифтунг хэвлэлийн газрын дэмжлэгтэйгээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Гадаад хэргийн яам, АCEM-ын Бэлтгэл ажлын албатай хамтран энэ сарын 7-9-нд зохион байгуулах тус уулзалтад 20 орны нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын 30 гаруй төлөөлөгч “Ази, Европын цахим харилцаа” сэдвийн хүрээнд чуулах аж.
Редакторуудын уулзалтад улс бүрээс нэг сэтгүүлч төлөөлөн оролцдог онцлогтой юм байна. Тэгвэл энэ удаа манай улс зохион байгуулагчийн давуу эрх эдэлж, гурван төлөөлөгч оролцуулахаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, “Тhe Mongolian оbserver” сэтгүүлийн эрхлэгч Ч.Бүрэнбаяр нарыг сонгожээ. Монголд зохион байгуулах дугуй ширээний хурал нь Польшийн нийслэл Варшав хотод болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалт, Азийн мусалман шашинтай орнууд тэмдэглэдэг “Хаврын Хари Раяа” ёслол зэрэг чухал арга хэмжээтэй давхцах ч оролцогчдын тоо, цар хүрээ өмнөх жилүүдийнхээс буурахгүй гэдгийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг онцолсон. Мөн тэрбээр Редакторуудын уулзалт хоёр тивийн сэтгүүлчдийн харилцаа холбоог өргөжүүлэхэд чухал үүрэгтэйгээс гадна улсаа сурталчлах том боломж гэдгийг хэлэв.